Ирэх жил тусгай зориулалтаар 50 угалз, 120 тэх, 5 халиун буга, 150 цагаан зээр, 40 саарал чоно, 40 бор гөрөөс, 10 зэрлэг гахай, 300 хүртэл тооны ой, хээрийн агнуурын шувуу агнуулахаар болов. Тусгай төлбөртэйгээр агнуулах ховор амьтны тоог цөөрүүлэх, төлбөр, хураамжийг нэмэх, элбэг амьтны тоог нэмэгдүүлэх замаар төлбөртэй ангаас төсөвт орох орлогын хэмжээг тогтвортой барих бодлого үр дүнгээ өгсөн тул агнуулах ангийн тоог өмнөх оноос нэмэхгүй байхаар шийджээ. Ангийн төлбөр, хураамжийн орлогоос сүүлийн 5 жилд 8 тэрбум гаруй төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна. Түүнчлэн олон улсын ангийн үзэсгэлэн худалдааны үеэр манай улсаас угалз, тэх зэрэг агнуурын зарим амьтан агнах эрхийг дуудлага худалдаанд оруулахыг салбарын сайдад Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрчээ.