logo
ЗГ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

ЗГ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

2022/05/12

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 11-нд болж, Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулах, хөдөө аж ахуйг дэмжих багц зээлийг шуурхай олгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулга хийлээ.

Улсын хэмжээнд гол нэрийн 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүний нийт 204,5 мянган тн нөөцтэй байна. Хоногийн хэрэглээгээр тооцвол гурил, гурилан бүтээгдэхүүн 160, элсэн чихэр 142, төмсний 88, махны 62, төрөл бүрийн будааны 48, давсны 40, ургамлын тосны 30, хуурай сүүний 22, хүнсний ногооны 16, өндөгний дөрөв хоногийн нөөц байна.

Энэ сарын 5-ны байдлаар 2143,6 тн нөөцийн мах борлуулсан нь нийт бэлтгэсэн махны 17 орчим хувь байна. Иргэд нөөцийн махны чанарт сэтгэл хангалуун, үнэ зах зээлийн үнээс 35 хувиар хямд байна. Гэсэн ч нөөцийн махны борлуулалтын түвшин өмнөх оны мөн үеэс 45 хувиар бага байна. Иймд салбарын яамнаас Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албатай хамтран нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нягтаршил ихтэй төвлөрсөн худалдааны төв, орон сууцны хороолол, захын дүүргүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу хүн амын 2022-2023 оны хүнсний  хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчид 130, дотоодын улаанбуудайгаар гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж байна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш