logo
ЗГ: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа

ЗГ: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа

2022/05/19

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 18-нд болж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа.

“Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журам” болон “Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журам”-аар Иргэн, хуулийн этгээд өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, шинээр бий болгоход нь төрийн нээлттэй өгөгдлийг ашиглах боломжийг нээж байгаа юм. Энэ нь мэдээллийн технологийн салбарын өнөөгийн хөгжлийн түвшин, дэлхий нийтийн жишиг, хандлагаас урган гарч буй үйл ажиллагаа юм.

Төрийн байгууллагууд өөрт байгаа өгөгдөл, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, үнэ төлбөргүй нийтэлснээр иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид тухайн өгөгдөл, мэдээллийг ашиглан судалгаа хийх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг үр бүтээлтэй болгох, шинэ санал, санаачилга бий болгох замаар шинэ хэрэглээ үүсгэх зэрэг давуу талтай юм.

Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журмаар Төрийн байгууллага нь нээлттэй мэдээллийг агуулсан мэдээллийн сан үүсгэж албан ёсны цахим хуудсанд байршуулж нийтлэх, нээлттэй мэдээлэл, цахим хуудсыг шинэчлэх, цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангаж, хяналт тавих харилцааг зохицуулна.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш