Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Архангай аймагт ажиллалаа.
Ажлын хэсгийн гишүүд тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, түр хамгаалах байр, сургуулийн дотуур байрны үйл ажиллагаатай танилцаж, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал солилцлоо.
Тус аймгийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн хэрэгжилтийн хангах хүрээнд байгууллага бүрд хүүхэд хамгааллын бодлогыг боловсруулж, эцэг эхийн зөвлөлийг байгуулан ажилладаг байна. Одоогийн байдлаар 60 гаруй байгууллагын дэргэд эцэг, эхийн зөвлөл ажиллаж байгаа бөгөөд энэ онд шинээр 40 байгууллагыг эцэг, эхийн зөвлөлтэй болгохоор зорилт тавьсан гэдгийг аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Болормаа онцлоод хүүхэд хамгааллын үйлчилгээ, сургалт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, цахим үйлчилгээний талаар танилцуулав.
Орон нутагт мэргэжлийн хүний нөөцийн асуудал нийтлэгээр тулгамдаж байна. Цалин хөлс, нийгмийн баталгаанаас шалтгаалан орон нутагт ирж тогтвор суурьшилтай ажиллах сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, нарийн мэргэжлийн эмч дутагдсаар байгааг аймгийн удирдлагууд хэлж байлаа. Мөн сумдад нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэнтэй болох хэрэгцээ байгааг уламжлав.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 зүйлд “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэсэн заалт бий. Хөдөлмөрийн тухай хууль бол манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага, иргэний хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг суурь хууль. Өдөр тутмын амьдралд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг энэ хуульд анх удаа хүүхэд хамгааллын ээлтэй бодлого хэрэгжүүлэх заалт оруулна гэдэг том амжилт юм.” хэмээгээд ажил олгогч бүхэн хүүхэд хамгааллын бодлоготой байж, түүнийгээ хэрэгжүүлдэг болох нь хүүхдийн ирээдүйд оруулж буй чухал хувь нэмэр болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.