Сансрын бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат – 2022” үндэсний V тэмцээний ялагчид өнөөдөр /2022.06.07/ тодорлоо. Бүтэн зургаан жил тасалдсан тус тэмцээнийг энэ жил Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын сансрын технологийн холбоо, Шинжлэх ухааны академи, Нийслэлийн бизнес инновацын газар, ШУТИС, МУИС зэрэг байгууллагууд зохион байгуулсан бөгөөд Монголсат нетворкс компани тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллажээ.
Энэ жилийн “Кансат – 2022” тэмцээнд хиймэл дагуул бүтээх төслийн тодорхой үе шатуудыг оруулж ирснээрээ онцлог юм. Тодруулбал, бичил хиймэл дагуул хөөргөхөөс өмнө багууд урьдчилсан загварын хэлэлцүүлэг, шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг, хөөргөхийн өмнөх хэлэлцүүлэг, даалгавар тодорхойлох хэлэлцүүлэгт оролцож, тэмцээний үеэр хиймэл дагуулаа хөөргөх зэрэг үе шат бүрт оноо цуглуулж, нийлбэр оноогоор нь ялагчдыг тодруулсан юм. Тэмцээнд 7 сургуулийн 12 багийн 90 гаруй залуучууд оролцлоо.
КАНСАТ төрөлд:
1- р байр: HIGH TECH /ШУТИС-ийн МХТС/
2- р байр: NEW SPACE /Шинэ Монгол технологийн коллеж/
3-Р байр: АРАВТ /ҮБХИС/
Тусгай байр: МОКО /Монгол Коосен технологийн коллеж /
Шилдэг шийдэл шагнал: ЭРЧ /ШУТИС-ийн МХТС/
БУЦАГЧ төрөлд:
1- р байр: NUMSAT /МУИС-ийн ШУС/
2-р байр: WERSAT /МУИС-ийн ШУС/
3-р байр: АРАВТ /ҮБХИС/
Тусгай байр: HIGH TECH /ШУТИС-ийн МХТС/
“Кансат” тэмцээн нь дэлхийн 20 гаруй оронд зохион байгуулагддаг бөгөөд манай улсад 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж, 2016 онд Ази, номхон далайн орнуудыг хамруулсан олон улсын шинж чанартай зохион байгуулагдсан ирсэн. Цаашид Кансат тэмцээнийг уламжлал болгон жил бүр тасралтгүй зохион байгуулж, залуу зохион бүтээгчид, инженерийн оюутнууд, сансар судлалын салбараа дэмжиж, зөвхөн Монголдоо кансат сонирхогчдын тэмцээнээр хязгаарлагдахгүй олон улсад өрсөлддөг жижиг хэмжээний хиймэл дагуулыг бүтээдэг шилдэг Үндэсний багаа дэмжин гаргаж ирэх, дараа үеэ бэлддэг, зааж сургадаг, их дээд сургууль коллежоос эхлэн ерөнхий боловсролын сургуульд хүртэл хүрсэн өргөн цар хүрээтэй урт хугацааны төсөл байх тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас анхаарч ажиллана гэдгийг онцоллоо гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.