Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан баяр наадмын бэлтгэл ажлыг газар дээр нь очиж шалгалаа.
Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмыг зохион байгуулах ажил ид өрнөж байна. Хоёр жил дараалан "Ковид-19"-ийн цар тахлын улмаас Улсын баяр наадмыг тэмдэглэлгүй өнжсөн. Энэ жил тэгш ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхэж байна.
Иймд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороодын үйл ажиллагааг шалгаж, зарим хугацаатай үүрэг чиглэлүүдийг өгсөн юм.
Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнг зорих иргэдийн автомашины зорчих хөдөлгөөн, зогсоолыг хэрхэн шийдэх талаар Хэв журмын салбар хорооноос танилцууллаа. Үүнд, иргэдийн автомашиныг тусгайлан бэлдсэн зогсоолд зогсоож, Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобусаар үйлчлэх юм. Иймд тус үйлчилгээнд явах автобус болон, зогсоолыг сайтар бэлтгэж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхээр зохион байгуулахыг анхааруулсан юм.
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажлууд эхэлсэн бөгөөд гаднах тохижилт болон ногоон байгууламж, бие засах газрын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийж эхэлжээ.
Жилийн жилд шүүмжлэл дагуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах хуучин бие засах газрыг буулгаж, шинээр, стандартын дагуу барих үүргийг 14 хоногийн хугацаатай өглөө.
Мөн ашиглагдахаа больсон жижиг байгууламжуудыг буулгаж, үйлчилгээ явуулах иргэд, аж ахуйн нэгжийг зохион байгуулалттай байрлуулахыг анхаарууллаа.
Түүнчлэн Үндэсний сурын талбайг тохижуулах, шаардлагатай төсөв хөрөнгийг нэмж олгох үүргийг Шадар сайд С.Амарсайхан Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны дарга Д.Ганболд болон бусад холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.