logo
Үндэсний аврах бригадыг Сүхбаатарын одонгоор шагналаа

Үндэсний аврах бригадыг Сүхбаатарын одонгоор шагналаа

2022/06/20

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний аврах бригадыг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулж, алба хаагчдад Үндэсний аврах бригадын 55 жилийн ой, Онцгой байдлын алба байгуулагдсаны баярын мэнд хүргэв.

1967 онд Төмөр замын барилга засвар, сэргээн босголтыг хариуцах үүрэгтэй тусгай батальон байгуулагдсанаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын суурь тавигдсан юм.

Бригадын алба хаагчид улсын хэмжээнд байгаль, цаг уурын аюулт үзэгдэл, осол, гамшгаас хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байна.

Авран хамгаалахын зэрэгцээ онцгой байдлын байгууллагын сургалт, үйлдвэрлэл, туршилтын төв байж, Олон улсын энхийг сахиулах, хүмүүнлэгийн ажилд оролцох, шилдэг туршлагыг нэвтрүүлэх зэргээр олон улсад үнэлэгдэж эхэлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ онцлов.

Цаашид өндөр бэлтгэл бүхий мэргэжлийн бие бүрэлдэхүүнтэй, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн багаж хэрэгсэл, техниктэй чадварлаг бригадыг бэхжүүлэн хөгжүүлэх зорилго, зорилтуудыг хамтын хүчин чармайлт, идэвх санаачилга, шинэлэг сэтгэлгээ, шинэ арга барилаар хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш