Хүн урт наслахад нөлөөлөх олон шалтгаан байдаг. Тухайлбал, энэ нь удамшил, хүрээлэн буй орчин, хүний сэтгэл санааны байдал, амьдрах хүсэлтэй нь холбоотой байдаг. Дэлхийн нийт хүн амын маш бага хувь нь 100 хүртэл насалдаг байна.
Орчин үеийн хүний амьдрах хугацаа байгалиас заяаснаас 40 хувиар бага байдаг гэж наслалт судлаач мэргэжилтнүүд нотолжээ. Харин 100-120 нас гэдэг бол хүний бие махбодийн идэвхтэй амьдралын хязгаар биш гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ангиллын дагуу 90-ээс дээш настнуудыг өндөр настан гэж үздэг.
Гиннессийн дээд амжилтын номонд тэмдэглэснээр, хүний амьдрах хугацааны дээд хязгаар нь 122 жил юм. 1875 оны хоёрдугаар сарын 21-нд мэндэлсэн Францын иргэн Жанна Луиза Кальма төдий насалсан байна. Харин 1865 онд төрж, 1986 онд уушгины үрэвслээр нас барсан, Японы иргэн Шегичио Изуми түүнээс хоёр жилээр бага насалжээ. Гэвч Гиннесийн дээд амжилтын номд өндөр настнуудын талаарх бүх мэдээлэл багтаагүй гэж эрдэмтэд, сэтгүүлчид үздэг байна. Жишээлбэл, 195 наслахдаа Суэцийн сувгийн нээлтийн ёслолыг маш сайн санадаг хүний тухай Каирын “Аль-Ахбар” сонины сурвалжлагч ярьсан байдаг.
1991 онд хийсэн Вьетнамын хүн амын тооллогын дүн тус улсын өндөр настнуудын талаарх мэдээллийг шинэчилж байжээ. Вьетнамын Нгетинь мужийн Кунхол хошуунд 142 настай хүн аж төрж байсныг олж тогтоосон байна. Мөн Вьетнамд1847 онд төрж, гурван нөхөр элээсэн, 100 гаруй настай дөрвөн хүүхэдтэй эмэгтэй байсан байна.
Баттай бус мэдээгээр бол 1680 онд төрж 1933 онд 253 настайдаа өөд болсон, Хятадын иргэн Ли Чун Ян гэгч манай гарагийн хамгийн өндөр настай хүмүүсийн нэг байжээ. Гэхдээ энэ нь баримтаар нотлогдоогүй байна.
Колумбийн хамгийн өндөр настнуудын нэг болох Хавьера Перейра 169 насалжээ. Түүнийг хүндэтгэн шуудангийн тусгай марк хүртэл гаргасан байна. Перейраг 146 нас хүрсэн өдөр төр засгийн төлөөлөгчид, дээд тушаалын түшмэд түүнд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн, өөрийнх нь хөрөг бүхий дурсгалын марк гаргах зөвшөөрлийг өндөр настнаас хүсч байжээ. Харин Перейра зөвшөөрлөө өгөхдөө маркны доод буланд нь “Архи ч уудаг, тамхи ч татдаг” гэж бичих болзол тавьсан гэдэг.
Өөрт нь зориулж шуудангийн марк гаргаж байсан бас нэгэн өндөр настан бол ЗХУ-ын иргэн Мухамед Эйвазовдоо /148 насалсан/ юм. Өөрт нь зориулсан шуудангийн марк гарснаас хойш Эйвазов гурван жил амьдраад, 1959 оны наймдугаар сард нас барсан байна.
Тэгвэл Английн түүхчид сонирхолтой тохиолдлыг тэмдэглэн үлдээжээ. 1635 онд Томас Парр гэдэг тариачин урт наслахын гайхамшиг болсноо хаан Карлд харуулахаар хөдөөнөөс Лондонд иржээ. Есөн хааны нүүр үзсэн би одоо 152 настай гэж Парр нотолсон гэдэг. Хаан өндөр настныг хүндэтгэн тансаг найр хийсний дараахан Томас Парр гэнэт нас баржээ. Цусны эргэлтийг нээсэн Английн нэрт эмч Вильям Гарвей түүнд задлан шинжилгээ хийсэн байна. Парр уушгины хатгаагаар нас барсан гэж Гарвей хэлсэн боловч хаанаар ханатлаа дайлуулсан нь түүний үхлийн шалтгаан болсон гэдэг домог яриа бий. Паррыг Вэстминстерт /Британийн хатан хааны ордон байдаг газар/ хүндэтгэлтэйгээр оршуулжээ.
Дэлхийн хамгийн өндөр насалсан хүмүүсээс нэрлэбэл:
Золтан Петриж (Унгар)–186 нас.
Петр Зортай (Унгар)–185 нас (1539-1724).
Кэнтигерн–Глазгогийн католик шашныг үндэслэгч. Мунго гэдэг нэрээрээ олонд танил болсон тэрбээр 185 насалжээ.
Тэнсе Абзиве (Умард Осети)–180 нас.
Худдие (Албань)–170 нас. Түүний үр ач нь 200 хүрчээ.
Ханджер Нине (Турк). 169 насалж, 1964 онд нас баржээ.
Сайяд Абдул Мабуд (Пакистан)–159 нас.
Дэлхийн хөгжингүй орнууд улс үндэстнийхээ амьдрах чадвар, эрүүл мэнд, хүн бүрийн насыг уртасгахын төлөө байнга санаа тавьж байдаг байна. Дэлхийн улс орнууд хүүхдийн эндэгдлийг багасгаж, хавдрын болон зүрхний өвчнөөр нас баралтыг бууруулснаар хүний насыг уртасгаж байна.
Хүний амьдрах хугацаа нь тархи болон биеийн жингийн хоорондын харьцаанаас пропорциональ хамааралтай байдаг гэсэн онолыг Калифорнийн их сургуулийн хүний биеийн бүтцийг судлагч профессор Леонард Хейфлик дэвшүүлжээ. Энэ харьцаа нь хэдийчинээ их байна амьдралын үргэлжлэх хугацаа төдийчинээ урт байх гэнэ. Мөн энэ харьцаа нь хүний хөгжлийн хувьслын тодорхой үеүдэд нэлээд өөрчлөгджээ. Хамгийн сүүлд 100 мянган жилийн өмнө хүний амьдралын үргэлжлэх хугацаа нэлээд нэмэгдсэн бол үүнээс хойш бараг өөрчлөгдөөгүй ба тархины жин, биеийн жингийн харьцаа ч өөрчлөгдөөгүй байна.
Профессор Леонард Хейфлик бие махбодийн хөгшрөлтийн талаар хосгүй дүгнэлт хийсэн байна. Түүний хэлснээр, хүний өсөлт зогссоны дараа хөгшрөлт явагдаж эхэлдэг байна. Харин өсөлт хөгжил нь зогсдоггүй аварга загас, хилэм загас, яст мэлхий мэтийн амьтдад хөгшрөлтийн үйл явц удаан явагддаг гэнэ. Хүний насны дээд хязгаарын талаар дэлхийн эрдэмтэд янз бүрийн дүгнэлт гаргаж байна. Хүн 600 насалж чадна гэж дундад эртний үеийн зууны алдарт эмч Парацельс үзэж байжээ. 18 дугаар зууны эрдэмтэн Арьбрэхт фон Галлер, Христоф, Вельгельм нар насны дээд хязгаарыг 200 жил гэж үзэж байв. Оросын эрдэмтэн Илья Мечников болон Александр Богомолец нар хүнийг 160 наслах боломжтой талаар ярьдаг байжээ.
100 болон түүнээс дээш насалсан өндөр настнуудын дунд архичид цөөнгүй байдаг. 140 насалсан, мэс засалч Политиман 25 настайгаасаа эхлэн ажлаа тараад өдөр бүр согтотлоо архи уудаг зуршилтай байжээ. Харин Пиренейн хойгийн Тре хотын махны худалдагч, 1767 онд 120 настайдаа нас барсан Гасконь гэдэг эр долоо хоногт хоёр удаа «нохой гурав харагдтал» уудаг байжээ. 120 насалсан, Ирландын нэгэн зоогийн газрын эзэн “Би ямагт согтуу байдаг байсан. Согтсон үед үхэл хүртэл надаас айдаг байсан” гэсэн үгийг шарилын чулуун дээрээ бичихийг гэрээсэлж байсан гэнэ.
Гэхдээ зарим өндөр настан дарсанд дуртай байхад зарим нь кофенд дуртай байдаг байжээ. Жишээлбэл, алдарт Вольтер кофе уух маш дуртай байжээ. Тэгээд нэгэн эмч түүнд кофе бол хор юм гэж ярьж эхлэхэд Вольтер хариуд нь “Би энэ хоронд хордсоор удахгүй 80 нас хүрнэ” гэжээ. Кофенд дуртай Елизаветта Дурейн 114 насалсан байна.
Тамхи татах нь нас богиносгодог гэлцдэг боловч урт насалсан олон хүн тамхи татдаг байжээ. 102 насандаа өндөр насалсны шагнал хүртэж байсан Росс гэдэг хүн архаг тамхичин байв.
Эрдэмтэд “өндөр наслалтын голомт” гэгддэг, бусад нутгийн хүмүүсээс илүү урт насалж, насан эцэс болтлоо амьдрах чадвартай, эрч хүчтэй хэвээр байж чаддаг хүмүүсийн оршин суудаг онцгой нутгуудийг онцгойлон сонирхож иржээ. Ийм нутгуудийн нэг нь Абхаз бөгөөд тэндхийн хүн амын бараг гурван хувийг 100 давсан настнууд эзэлдэг байна.
2000 онд АНУ-д 100, түүнээс дээш настай 70-80 мянган хүн бүртгэгджээ. 100 настнууд бол Америкийн хүн амын дунд хүрээ нь хамгийн түргэн тэлж байгаа бүлгүүдийн нэг юм.
Америкийн хөрш улс болох Кубад дундаж наслалт дэлхийд хамгийн өндөрт тооцогддог ба дундаж наслалт нь 76 нас юм. Тус орны 11 сая хүн амын дотор 100 давсан настай 3000 орчим хүн гэнэ.
Хэт өндөр настнуудынхаа тоогоор гайхуулж болох бас нэгэн улс бол Тайвань юм. Синьхуа агентлагийн мэдээнд дурдсанаар бол, 2009 оны аравдугаар сард тус улсад 100 гарсан настай 1223 хүн байжээ.
Туркийн зүүн нутгийн өндөр уулын Диярбакыр мужийн оршин суугч, манай гарагийн хамгийн өндөр настай эмэгтэй Халима Сулмаз 2009 оны арваннэгдүгээр сард 125 насыг зоогложээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ