logo
В.Путины хөрөнгө орлогыг зарлав

В.Путины хөрөнгө орлогыг зарлав

2011/12/26
ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч, одоо Ерөнхий сайдаар ажиллаж байгаа Владимир Путин банкууд дахь 10 дансандаа 5 722 551 рубльтэй байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Путины орлого нь цалин, хадгаламжийн хүү, хувьцаа болон цэргийн тэтгэвэр зэргийг оролцуулаад 17,7 сая рублиэс давжээ.

Путины нэр дээр Санкт-Петрбургт 77,7 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий байр, Москва мужид 1500 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий газар байдаг аж. Үүний сацуу Санкт-Петербургт машины гарааш, бас хугацаагүйгээр ашиглахыг зөвшөөрсөн байр, гарааштай гэдгээ Путин хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.

Мэдүүлэгт тэмдэглэснээр, засгийн газрын тэргүүний эзэмшилд Орост үйлдвэрлэсэн гурван автомашин, тухайлбал, ГАЗ маркийн машин хоёр, Нива маркийн машин нэг, бас нэг чиргүүлтэй ажээ. Путин «Санкт-Петербург банк» нээлттэй хувьцаат нийгэмлэгийн 230 хувьцааг эзэмшдэг байна.

Сонгуулийн төв комиссын /СТК/ мэдээлснээр, Ерөнхий сайдын гэргий Людмила Путинагийн дансанд 8,3 сая гаруй рубль байгаа аж.
Владимир Путин хамгийн түрүүнд 2011 оны 12 дугаар сарын 20-нд Оросын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэн бүртгүүлсэн байна. Тэрбээр өөрийн тэргүүлдэг «Нэгдмэл Орос» намаас энэ албан тушаалд нэр дэвшжээ. Тэрчлэн СТК бизнес эрхлэгч Михаил Прохоровын нэрийг дэвшүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн хүмүүсийг бүртгэсэн байна.

Нэр дэвшигчээр бүртгүүлэхээр «Яблоко» намын дарга Григорий Явлинский, ОХУ-ын Коммунист намын дарга Геннадий Зюганов, Оросын Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский, «Шударга Орос» намын тэргүүн Сергей Миронов нар бичиг баримтаа бүрдүүлэн СТК-т өгчээ. Оросын ерөнхийлөгчийн сонгууль 2012 оны гуравдугаар сарын 4-нд болно.

З.Амгалан

Эх сурвалж: “Монцамэ”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш