logo
Монгол Улсад нийт 96536 жуулчин аялжээ

Монгол Улсад нийт 96536 жуулчин аялжээ

2022/07/20

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр олон улсад нээлттэй улс болсноо албан ёсоор зарлаж, хилээ нээсэн билээ.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн нөхцөл байдлыг богино хугацаанд сэргээх, эдийн засгийн голлох салбарын нэг аялал жуулчлалын салбарыг эрчимтэй сэргээх бодлого, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж эхлээд байна.

Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч дараах шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.

Үүнд:

-Монгол Улсад ирэх гадаадын иргэд, жуулчдаас шаардах эрүүл мэндийн шаардлагыг хөнгөвчилж вакцин хийлгэсэн байх шаардлагыг цуцлах, Монгол Улсад вакцин хийлгэх боломжтой талаар мэдээлэх;

-Монгол Улсын аль ч хэсэгт аялж байснаас үл хамааран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бүх шатны эрүүл мэндийн байгууллагаар дамжуулах шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх;

-Европын зах зээлээс ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Франкфуртын нислэгийн давтамжийг 7 хоногт 4 нислэгтэй байсныг 5 удаа болгон нэмэгдүүлэх;

-Олон улсын болон дотоодын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах зорилгоор агаарын тээврийн компаниудад хөнгөлөлттэй зээл олгох, зарим татвараас чөлөөлөх;

-Монгол Улсын аялал жуулчлалын голлох зах зээлийн орон болох БНСУ-ын аялагчдыг 90 хүртэлх хоногийн хугацаатай визгүй зорчих боломжийг 2024 он дуустал олгох;

-Аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлах зэрэг томоохон шийдвэрүүдийг гаргаад байна.

Дээрх шийдвэрүүдийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулагч, жуулчдад нээлттэй 49 орны нэг болж долоодугаар сарын 18-ны байдлаар нийт 96536 жуулчин аялсан байгаагаас ОХУ-аас 45425, Өмнөд Солонгосоос 14282, Казакстан Улсаас 10368 жуулчид голлон аялсан үр дүн гараад байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш