Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны удирдлагууд 2022 оны 7 дугаар сарын 21-ний адар Хөгжлийн банкинд ажиллаж, зээлийн эргэн төлөлт, явцын талаарх мэдээлэлтэй танилцлаа.
Хөгжлийн банк 2022 онд 1 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлэхээс өнөөдрийн байдлаар 503.5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлээд байна.
Өнөөдрийн уулзалтаар эх үүсвэр нь тодорхойгүй, өмчийн анхны барьцаа өөрчлөгдөж барьцаа хөрөнгийн шаардлага хангахааргүй болсон 3 зээлийн эргэн төлөлтийн асуудлыг Хөгжлийн банкны удирдлагууд Сангийн сайдад танилцууллаа. Тодруулбал “Хөтөл” ХХК-ийн 329 тэрбум төгрөгийн зээл, “Эрэл” ХХК-ийн 129 тэрбумын зээл, “Газ импорт” ХХК-ийн 8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн асуудлыг онцлов.
Засгийн газрын баталгаатай 2023 оны 9 сард төлөгдөх Хөгжлийн банкны Евро бондын 500 сая доллар, 2023 оны 12 сард төлөх 720 тэрбум төгрөгийн Самурай бондын өр төлбөрийг Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулахаар ажиллаж байна.
Цаашид Хөгжлийн банкнаас олгосон бусад зээлүүдийн эргэн төлөлтийг хангуулахад зээл тус бүрт холбогдох арга хэмжээг авч, биелэлтэд хяналт тавьж ажиллах, 2022 онд зээлийн эргэн төлөлтийг 1 их наяд төгрөгт хүргэж банкны үйл ажиллагааг тогтворжуулж ажиллахыг Сангийн сайд Хөгжлийн банкны удирдлагуудад үүрэг болголоо гэж Сангийн яамнаас мэдээллээ.