logo
Австралид ажиллах болон амрах визийн зохицуулалтын хэрэгжилтийн талаар ярилцав

Австралид ажиллах болон амрах визийн зохицуулалтын хэрэгжилтийн талаар ярилцав

2022/08/05

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд, хатагтай Кэйти Смитийг хүлээн авч уулзаж Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Энэ үеэр “Ажиллах болон амрах” визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай Монгол Улс болон Австрали Улсын Засгийн газар хооронд харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулан үр дүнтэй хэрэгжүүлж байгаа талаар ярилцлаа.

Мөн Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 700 гаруй Монгол залууст Австралид суралцах боломж олгосныг Элчин сайд уулзалтын үеэр онцлов. Түүнчлэн Австралийн Засгийн газар Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж “Гүйцэтгэх албан тушаал хашиж буй Монгол эмэгтэйчүүдийн хөгжил, манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөр нь эмэгтэй албан хаагчдыг дэмжиж чадавхжуулахад багагүй хувь нэмэр болж байгаад А.Ариунзаяа сайд талархал илэрхийлэв.

Монгол Австрали хоёр улс 50 жилийн өмнө буюу 1972 оны 9 сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш