Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Төрийн ордонд боллоо.
Эрдэм шинжилгээний хурал “Монголын түүх, угсаатны судлал”, “Монгол хэл, уран зохиол судлал”, “Монголчуудын соёлын ертөнц”, “Монголчууд ба гадаад ертөнц”, “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” зэрэг таван салбар хуралдаанаар 155 илтгэл хэлэлцүүлнэ.
Дээрх арга хэмжээний хүрээнд Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгч гишүүн бөгөөд жинхэнэ гишүүн Я.Цэвэлийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал мөн өнөөдөр боллоо. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэхүү арга хэмжээнд оролцож үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, их эрдэмтэн Я.Цэвэл нь хууль эрх зүй, шинжлэх ухааны салбарт олон бүтээл туурвисан. Тользүйн салбарт Монгол хэлний үгийн сангийн гол бүтээл болох “Я.Цэвэлийн толь” хэмээн алдаршсан “Монгол хэлний товч тайлбар толь”-ийг зохиосон нь үндэсний хэл, соёлын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, үнэ цэнэтэй бүтээл болсон гэдгийг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн “Монгол Улсын Их Хурал алсын хараатай, мэргэн ухаантай, хариуцлагатай ажиллахын тулд эрдэмтэн мэргэдээ сонсож, зөвлөлдөж, ямагт хамт байж ирсэн. Мөн Монгол үндэстний түүх соёл, хэл бичгийн салбарт шинэ үеийн шинжлэх ухааны үндсийг тавьсан эрдэмтдийн зохиол бүтээлийг сурталчлах, олон түмэнд таниулах үйлсэд хамтран ажиллаж, дэмжиж ирснийг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монгол Улсын хөгжил дэвшил баталгаатай, ирээдүй нь гэрэл гэгээтэй байх ёстой. Үүнд шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын үүрэг онцгой ач холбогдолтой” хэмээлээ.
Хүндтгэлийн хуралд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, МУ-ын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, эрдэмтэн мэргэд, Я.Цэвэл агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд нь оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.