logo
НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш монгол ахуй соёлтой танилцлаа

НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш монгол ахуй соёлтой танилцлаа

2022/08/11

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсны айлчлалыг эдгээр өдрүүдэд хийж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг Монгол уламжлал, ахуй соёлтой танилцуулах, бэсрэг наадмыг Монгол Номадс жуулчны баазад зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид байлцлаа.

Монгол улс цэнхэр дуулгатнаа олон улсын энхийг сахиулах ажиллагаанд илгээсний 20 жилийн ой энэ жил тохиож байгаа. Уг тэмдэглэлт түүхэн ойд зориулсан бэсрэг наадамд Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон уртын дуугаа өргөж, ардын бүжгээ толилуулав. Мөн малчин айлд зочилж, монгол ахуй соёлтой танилцуулж, эрийн гурван наадмыг үзэж сонирхов.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш  бэсрэг наадмыг үзэж сонирхсоны дараа “Халуун дулаанаар угтаж авсан Монгол орон мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танд гүн талархал илэрхийлье. Монголын түүх бол Зэвсэгт хүчний түүх гэдэгтэй энэ цаг мөчид санал нийлж буйгаа энд онцолъё.

Ийм баялаг түүх, зан заншилтай ард түмэн тэр дундаа Монгол Улсын Энхийг сахиулагчид бусад улс орны энхийг сахиулагчдаас эр зориг, шаламгай байдал, дайчин чанараараа үргэлж ялгарч байдагт гайхах зүйлгүй мэт санагдав.

Монгол Улсын энхийг сахиулагчдын дайчин эрэмгий байдал Монгол түмний цусанд байдаг аж. Үүнийг энэхүү бэсрэг наадмыг үзээд илүү ихээр ойлголоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Эх сурвалж: Соёмбо редакц

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш