logo
Нийслэлийн 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулна

Нийслэлийн 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулна

2022/08/15

Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт  хэрэгжиж буй “Оргил” төслийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр  холбогдох албаны хүмүүсийн хамт танилцлаа.

Нийслэлийн 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулахаар НИТХ-аас баталсан. Хэсэгчилсэн талбайд үе шаттайгаар төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулснаар ерөнхий төлөвлөлтийн дагуу нийгмийн дэд бүтэц болон ногоон байгууламж бүхий цогцолбор хороолол барьж, эрүүл аюулгүй, тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломж бүрдүүлж байна.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны байдлаар гэр хорооллын 1,706.7 га талбай, 19 байршил, 56 хэсэгчилсэн талбайд 43 компани төсөл хэрэгжүүлж, 2519 нэгж талбар газар чөлөөлж, 11755 айлын орон сууцыг ашиглалтад оруулан 5000 гаруй янданг буулгаад байна.

Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга зэргийг стандартын дагуу барьж байгуулан ашиглалтад оруулж байгаа юм.

Сонгинохайрхан дүүрэгт 7 байршил, 12 хэсэгчилсэн талбай, 199.6 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх юм. Үүнээс тус дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн 4 талбайд 6 төсөл хэрэгжүүлэгч дахин төлөвлөлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 15 блок 846 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24 га газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаар баталсан. Уг хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ барилга” компани шалгарч, 3654 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихаар төлөвлөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулан ажиллаж байна.

"Шинэ барилга" компани 24 га талбайд "Оргил" төслийг хэрэгжүүлж, эхний ээлжийн 1 блок 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Тус орон сууцанд дараагийн ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдах 40 гаруй айл өрх орж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш