Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр SpaceX компанийн ерөнхийлөгч Гвинн Шотвил болон Элон Маскийн багийнхантай цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар Старлинк төслөөс гадна Элон Маскийн сэргээгдэх эрчим хүчний төсөл болох "Solarcity" болон "Hyperloop" төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Тус яам нь 2022 оны 05 дугаар сард “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсан бөгөөд энэхүү бодлогын баримт бичиг нь Старлинкийн үйл ажиллагааны стратегитай хэрхэн уялдах, тус компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад тулгарч буй саад бэрхшээлийн талаар ярилцлаа.
Түүнчлэн SpaceX компанитай хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. SpaceX компани нь сэргээгдэх эрчим хүчний "Solarcity" болон хотын түгжрэлийг бууруулах Hyperloop төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой талаар мэдэгдсэн юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс дээрх төслүүдийн мэдээллийг сонсож, холбогдох албаны хүмүүстэй нь холбож, ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.