Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр ОХУ-ын Гэгээрлийн яамнаас томилогдсон В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн улсын боловсролын дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн онд Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааны үеэр Монгол Улсад Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу ОХУ-ын Гэгээрлийн яамнаас томилогдсон ажлын хэсэг манай улсад ажиллаж байна. Монгол-Оросын хамтарсан ЕБС-ийг Сонгинохайрхан дүүрэгт байгуулахаар талууд тохиролцсон. БШУЯ-ны зүгээс хамтарсан сургууль байгуулах боломжтой хоёр сургуулийг санал болгохоос гадна орос багш нарын байрлах орон сууцын асуудлыг тодорхой болгоод байгаа юм.
Хамтарсан сургууль байгуулахад салбар яамны зүгээс бүхий л талаар хамтарч ажиллахад бэлэн гэдгийг БШУ-ы дэд сайд онцлов. Цаашид орос хэлний сургалттай хамтарсан сургуулийг нийслэлийн бусад дүүрэг болон орон нутагт байгуулах сонирхлоо илэрхийллээ. Мөн орос хэлний багш нарын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэлэв. ОХУ-ын В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн улсын боловсролын дээд сургуулийн захирал Парфенов Арсений Андреевич “Монголын талын дэвшүүлж буй саналыг судалж, хамтран ажиллах болно” гэв хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.