Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээ 2021 онд хүчин төгөлдөр болж, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2022 оны наймдугаар сарын 24-ний өдөр АНУ-ын МСК (Мянганы сорилтын корпорац)-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Камерон Алфорд тэргүүтэй МСК-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Компакт гэрээний хүрээнд тус төслүүд хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усны эх үүсвэрийг хангах, экологийн тэнцвэртэй орчин бий болох, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх чухал ач холбогдолтойг Хотын дарга онцолж байлаа.
Энэ үеэр АНУ-ын МСК-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Камерон Алфорд “Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн ажлууд эрчимтэй урагшилж байгаа. Гэрээ амжилттай хэрэгжихэд хамтран ажиллаж буй хотын удирдлагад талархаж байна” хэмээв. Түүнчлэн АНУ-ын МСК-ын төлөөлөгчид Улаанбаатар хотод хэрэгжиж буй төслүүд, ус дахин боловсруулах үйлдвэрийг олон улсад үлгэрлэх жишээ болно гэдгийг онцлон тэмдэглэлээ. Хотын дарга ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэртэй орчинг бий болгоход Улаанбаатар хотын зүгээс анхаарч ажиллаж буйг хэллээ.
Төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа Ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулах бөгөөд Улаанбаатар хотын Шинэ төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган метр кубыг аван тус үйлдвэрт дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудын техникийн усны хэрэгцээний зарим хэсгийг хангах зориулалтаар эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлэх юм.
Компакт гэрээний хүрээнд барьж байгуулах хоёр томоохон үйлдвэрийн нэг Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр болно.