logo
Төмөр туулай жилийн 9 алдартныг Ерөнхий сайд С.Батболд тэргүүлжээ

Төмөр туулай жилийн 9 алдартныг Ерөнхий сайд С.Батболд тэргүүлжээ

2011/12/28
Өдгөөгөөс 11 жилийн тэртээ “Сүргийн манлай” хэмээгч могой жилд нэгэн оны дотор монгол түмнээ хошуучлан манлайлсан Алдартнуудыг Монголын үндэсний өдөр тутмын сонин “Өнөөдөр” анх удаа тодруулж байжээ. Монголын нийгмийн салаа мөчир бүхнийг төлөөлөх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх 100 эрхмийн саналаар эдгээр хүмүүсийг тодруулдаг, санал асуулга шударга явагддаг, үр дүн нь олны нүдэнд ил байдаг, түмний хүндлэлд багтсан хэн боловч шалгарах боломж нээгддэг зэрэг олон шалгуураар энэ санал асуулга нийт монголчуудын сэтгэлд нийцдэг, тэр хэрээр хүмүүсийн хүлээдэг, итгэлээ илгээдэг арга хэмжээ юм.
Эдгээр 100 эрхэм туулай жилд Монголдоо магнай нь байсан гэж үзсэн 10-90 насны, төрөл бүрийн мэргэжлийн 97 хүнийг нэрлэжээ. Харин монгол түмнээ магнайлсан эдгээр 97 эрхмийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүлж, төмөр туулай жилийн тэргүүн алдартнаар тодорсон бөгөөд өчигдөр Улаанбаатар зочид буудалд болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр цалин цагаан бадамлянхуа, ногоолин хаш чулуун суурьтай туулай жилийн дүрс бүхий цул мөнгөөр урласан цом гардан авлаа. Ерөнхий сайд энэхүү шалгаруулалтад сүүлийн гурван жил шалгарч байгаа бөгөөд бар болон туулай жилд оны есөн алдартнуудаа магнайлж амжилтаа бататгалаа.
Төмөр туулай жилийн өрсөлдөөн тун ширүүн болсон гэж тус сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар хэлсэн. Нөгөө талаар сонгуулийн угтал жил гэдэг утгаараа улстөрчдийн өрсөлдөөн онцгой байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тэргүүн алдартнаас тун цөөхөн саналаар аман хүзүүджээ. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд арван нэгэн удаагийн шалгаруулалтад арван нэгдэхээ шалгарсан цорын ганц хүн болжээ. Тулхтай улстөрч, тууштай төрийн зүтгэлтэн хэмээх үнэлэмж түүнийг ямагт дагалдаж байдаг хэмээн олны танил 100 эрхэм дүгнэжээ. Харьцангуй залуу ч, хат сууж, туршлага хуримтлуулсан, шинэ цагийн боловсрол, ажил хэрэгч чанарын төлөөлөл болсон сайд С.Баярцогт, Г.Занданшатар өөрөөр хэлбэл, С.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын гурван гишүүн энэхүү шалгаруулалтад багтсан байна. 
Арван нэгдэх удаагийн оны алдартнуудыг одоо нэрлэе. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд алдартнуудаа магнайлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин, MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал, Монгол Улсын аварга С.Мөнхбат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, Сангийн сайд С.Баярцогт, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар төмөр туулай жилийн оны алдартнаар тодорчээ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш