Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Сингапур Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
Энэ хүрээнд НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар өнөөдөр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын Ойрх Дорнод ба Хойд Азийн газрын захирал Тан По Тэкийг хүлээн авч уулзлаа. Талууд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд Сингапур Улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, тус салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцсон юм.
НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар "Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газраас санаачлан боловсруулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичиг болон бусад холбогдох бодлогын баримт бичгүүдэд заасны дагуу Улаанбаатар хотыг иргэнд ээлтэй, ногоон хөгжлийг түүчээлсэн, ухаалаг хот болгон хөгжүүлэх эн тэргүүний зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа гэдгийг онцоллоо. Мөн Улаанбаатар хотод нийт хүн амын тал гаруй хувь нь оршин суудаг тул хэт төвлөрөл бий болсон. Иймд орон сууцны бодлогыг сайжруулж, орлогод нийцсэн орон сууц, төлөвлөлт зэрэг асуудалд нэн чухал ач холбогдол өгч ажиллаж байгаа" гэлээ.
Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын Ойрх Дорнод ба Хойд Азийн газрын захирал Тан По Тэк Сингапур Улсын орон сууцны бодлогын талаар товч танилцуулав. Тэрбээр орон сууцыг зөвхөн бариад зогсох биш, оршин суугчдын амьдрах, ажиллах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, суралцах баталгааг хангах бодлогыг баримталдаг гэдгийг хэлж байлаа. Иймд ногоон байгууламж, ажиллах орчин, худалдаа, үйлчилгээний бүс, тоглоомын талбай, цэцэрлэг зэргийг цогцоор нь шийдэх хэрэгтэй гэлээ. Тэрбээр тус салбарт хэрэгжиж буй Сингапурын үр дүнтэй туршлагыг хуваалцахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн юм.