logo
УИХ-ын дарга Г.Занданшатар БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатар БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийг хүлээн авч уулзав

2022/09/05
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2022 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ)-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эртний түүхэн улбаатай, найрсаг дотно харилцаатай манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй энэ онд БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилж байгаа нь манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.  
Тэрбээр, Монгол, Лаосын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 60 жилийн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглээд, хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн гэв. Мөн Лаосын Үндэсний Ассамблей Монгол Улсын Их Хуралд хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болгон улаан модоор хийсэн сандал, ширээг 2003 онд бэлэглэж байсан. Эдгээр модон эдлэлийг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд өнөөг хүртэл ашиглаж байгааг дурдан, Лаосын Үндэсний Ассамблей болон түүний найрсаг ард түмэнд талархал илэрхийлэв.


БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд энэ удаагийн айлчлал манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаад баяртай байна гэв. Тэрбээр, Лаос, Монголын 60 жилийн түүхтэй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндрөөр үнэлдэг хэмээгээд энэ завшааныг ашиглан БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргын мэндчилгээг уламжлав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэгийн урилгаар Үндэсний Ассамблейн гишүүн, Лаос-Монголын парламентын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлахаар болсныг тэмдэглэж, энэ удаагийн айлчлалын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.   
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргад манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн мэндчилгээ уламжлахыг хүсэж, Лаос Улстай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх боломж байгааг онцлов.

Талууд цаашид хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг идэвхжүүлэн, Парламентын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийн төлөө байгааг нотлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш