Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатартай уулзаж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцлаа. Уулзалтад Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн дарга О.Баасан, ахлах мэргэжилтэн М.Мэнджаргал, мэргэжилтэн Д.Соёлмаа, МҮОНРТ-ийн “MNB Спорт” сувгийн захирал П.Отгонтуяа, ерөнхий продюсер Г.Отгонжаргал нар байлцав.
Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүн амын бие бялдрын хөгжлийн түвшин, илүүдэл жин, таргалалт, биеийн жингийн индекс, хөдөлгөөний хомсдолоос шалтгаалсан өвчлөл, халдварт бус өвчин нэмэгдэж байна. Иймээс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль болон насанд хүрэгчид, ахмадууд руу чиглэсэн телевизийн арга хэмжээг хамтран зохион байгуулах нь нэн чухал болохыг онцлов.
МҮОНРТ-ийн зүгээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж, ажлын байрны дасгал, хичээлийн завсарлагааны дасгалыг хийх цагийг эргэн сэргээн тогтмолжуулах хэрэгтэйг дурдаж, өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд, ирэх жилүүдэд олон нийтийг хамарсан томоохон контентыг бэлтгэн хүргэх, цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулав.
Талууд уулзалтаар салбар дундын уялдааг хангах зорилгоор сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн оюутан, залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл зөв амьдралын дадал хэвшилтэй иргэдийг бий болгох, монгол хүний нас, биеийн онцлогт тохирсон “Үндэсний дасгал”-ын зохиомж бэлтгэх, түгээх ажлыг хамтран хийх тал дээр санал нэгдэв.
Биеийн тамир, спортын улсын хороо