УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Туваан нарын гишүүд болон НИТХ-ийн төлөөлөгчдийн хамт гэр хорооллыг сайжруулах шийдлүүдтэй танилцлаа.
Улаанбаатар хотод 200 мянга, 21 аймагт мөн тооны нийт 400 мянган өрхийн нэг сая орчим иргэн гэр хороололд амьдардаг. Агаар, хөрсний бохирдол, утаа зөвхөн гэр хорооллынхны биш нийт хүн амын асуудал болсон. Үүнийг багасгах олон шийдлийг хувь хүн, компаниуд гаргаад буй. Тэдний нэг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд “Хабрид хаус” компанийн барьсан халаалтгүй орон сууцыг үзэж сонирхов.
Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг. Хамгийн хүйтэн хотод халаалтгүй хаус барих технологиор хоёр айлын газар дээр долоон айлын байр барьжээ. Энэхүү технологийг ашиглан гэр хороололд тав тухтай амьдрах боломжтой. Гагцхүү ажиллах хүчний хомсдол, барилгын материалын үнийн өсөлт зэргээс хамаарсан бүтээмжийн асуудал тулгардаг талаар “Хабрид хаус “компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ хэллээ.
Гишүүд мөн нийслэлээс хэрэгжүүлж байгаа хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээний “Баянхошуу дэд станц”, “Хот айл” төсөл хэрэгжүүлэн хуучин байшингаа сайжруулж, орон сууцнаас дутахгүй орчин бүрдүүлж хашаандаа сайхан амьдарч буй айлд зочлов. Тус айл байшингаа сайн дулаалж дулааны алдагдлаа бууруулсан учраас өвөл халаалтын зардалд маш бага мөнгө зарцуулдаг тухайгаа ярьсан. Цаашид ч айл, хөршөөрөө хамтран “хот айл”-ын зарчмаар дэд бүтцээ хамтран барьж байгуулж болох талаар туршлагаасаа хуваалцлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, иргэд компанийн санал санаачлагыг бодлогын төвшинд дэмжих боломж бүрдүүлэхийн төлөө ажиллана гэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, төр иргэддээ дэд бүтэц гаргаж өгөх үүрэгтэй. Дэд бүтэц хүргэх боломжгүй нөхцөлд амьдардаг гэж орхих ёсгүй. Ямар нэг шийдэл олохгүй орхих нь хүний эрх зөрчиж байгаа хэрэг гэдгийг онцоллоо.