УИХ-ын гишүүн, УИХ-ын Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн гишүүн Ж.Чинбүрэн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний ахлах зөвлөх Паул Нанн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын үеэр энэ оны 9-11 дүгээр сард манай улсад зохион байгуулагдах “Монгол Улсын Сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийн үнэлгээ”-ний талаар санал солилцлоо.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээ хийх багийн зөвлөхүүдэд хандан сүрьеэ туссан нэгнийгээ гадуурхдаг, гадуурхалтаас болж өвчнөө нуух хандлага байдаг. Үүнээс улбаалж халдварын тархалт нэмэгдэх эрсдэлийг бий болгож байна. Иймд олон нийтэд хандсан үйл ажиллагаа явуулах нь хэр үр дүнтэй байхыг анхааран үнэлэхийг хүслээ. Мөн сумдын дотуур байранд сүрьеэгийн халдвар гарвал халдварлах эрсдэл хэр өндөр байгааг судлан үзэхийг хүссэн. Түүнчлэн сүрьеэтэй тэмцэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа чухал. Тиймээс УИХ-ын зүгээс манлайлж, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбаруудын үйл ажиллагааг уялдуулах нь чухал байгааг онцоллоо.
Үнэлгээг үндэсний хэмжээнд дараах зургаан чиглэлээр зохион байгуулах аж. Үүнд:
- Сүрьеэгийн хөтөлбөрийн менежмент, удирдлага, засаглал, санхүүжилт
- Сүрьеэгийн илрүүлэг, оношлогоо
- Сүрьеэгийн эмнэл зүйн менежмент
- Сүрьеэгийн тандалт судалгаа, бүртгэл мэдээлэл
- Сүрьеэгийн эм урвалж, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт
- Нөлөөлөл, Мэдээлэл сургалт сурталчилгаа
Үнэлгээний олон улсын болон үндэсний зөвлөх багийг сонгон шалгаруулсан байна. Мөн ДЭМБ-аас олон улсын 10 зөвлөх ажиллах аж. Талбарын мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг дөрвөн аймаг, хоёр дүүрэгт есдүгээр сарын 19-30-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна. Үнэлгээний эхний үр дүнг есдүгээр сарын 30-нд зохион байгуулагдах Сүрьеэгийн дээд хэмжээний уулзалтаар оролцогч талуудаар хэлэлцүүлж, тайланг ирэх 12 дугаар сарын нэгэн гэхэд эцэслэн боловсруулах юм байна.
Уулзалтад ДЭМБ-ын үнэлгээний зөвлөх Алексей Koробицян, Лиана Оганезова, Maнами Янагава, Филипп Ду Крос болон Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Глобал” сангийн холбогдох албаны хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.