logo
Европоос нийлүүлэх чанартай эмийг даатгалаар олгож эхэлнэ

Европоос нийлүүлэх чанартай эмийг даатгалаар олгож эхэлнэ

2022/09/27

Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор ЭМДҮЗ дарга, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын үүрэг өгсний дагуу  Швейцарын “Новартис компаны эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай гэрээг  байгуулан бэлтгэлээ ханган ажиллаж  эмийг захиалан үйлдвэрлүүлж иргэдэд хүргэхэд бэлэн болоод байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, хамгийн бага өртгөөр даатгуулагч-иргэдэд хүргэнэ.

Эдгээр 15 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, даатгуулагч-иргэдийг чанартай, боломжийн үнэ бүхий эмийг худалдан авах нөхцөл, бололцоогоор хангах юм.

Мөн эмийг хамгийн бага өртгөөр зах зээлд нийлүүлж, санхүүгийн дарамтаас шалтгаалан эмээ авч чадахгүй байгаа даатгуулагч-иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлт үзүүлнэ.

Дээрх эмийг “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын албан ёсны дистрибютер “Азифарм”, “Монос трейд”, “Монгол Эм Импекс” концерн зэрэг эм ханган нийлүүлэх байгууллагын 190 гаруй салбар эмийн сангаар 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно.

ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа эмийг хөнгөлөлттэй үнээр авахыг хүсвэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх учиртай.

Эмийн хүртээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Новартис компани нь Швейцарын холбооны улсад төвтэй дэлхийн эрүүл мэндийн өндөр чанартай эм үйлдвэрлэгч байгууллага юм. Өдөр бүр Африк, Ази, зүүн Европ, Латин Америкийн улс орон руу экспорт хийж, өвчиндөө шаналж яваа олон мянган даатгуулагч-иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг улс орнуудад хэрэгжүүлж ажилладаг байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш