Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир энэ сарын 29-ний өдөр цэцэрлэгийн I шатны цахим бүртгэлийн үр дүн, II шатны цахим бүртгэлийн явцын талаар мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар нийслэлд цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо 113654 байна.
Цэцэрлэгийн элсэлтийн II шатны цахим бүртгэл энэ сарын 10-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 11078 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт ирүүлжээ. Одоогийн байдлаар хүсэлт явуулсны дараа цэцэрлэгт элссэн 2263 хүүхэд бий.
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд өргөө гэр цэцэрлэг, түрээсийн байр, шинэ обьект худалдан авах, байгууллагын цэцэрлэг зэрэг олон хэлбэрээр цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Тодруулбал:
- Эхний өргөө гэр цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт байгуулагдав.
- Түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхэлсэн 71 /7055 ор/ салбар байна.
- Бие даасан нэг обьект /240 ор/ худалдан авч, гурван обьект худалдан авахаар ажиллаж байна.
- Орон сууцны 1 давхрын 7 талбайг /765 ор/ худалдан авч, 4 салбарыг /325 ор/ худалдан авах ажил үргэлжилж байна.
Цэцэрлэгийн цахим бүртгэлийн III шат ирэх аравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд үргэлжилнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.