Тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулан Нийслэлийн “Улаанбаатар чуулгын уран бүтээлчид хошой Чин ван Ханддоржийн тухай “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг бүтээлээ. Дуулалт жүжгийг Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж, Соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш Ерөнхий удирдаачаар, Гавъяат жүжигчин Ц.Төвшинтөгс уран сайхны удирдагчаар ажиллажээ. Эрдэнэ дайчин хошой Чин Ван М.Ханддоржийн дүрд гавъяат жүжигчин Ц.Төвшинтөгс, жүжигчин Б.Эрдэнэсаруул нар, хатан Сэвжидмаагийн дүрд Соёлын тэргүүний ажилтан Д.Ширмэнтуяа, 8 дугаар богд Жавзандамба хутагтийн дүрд Соёлын тэргүүний ажилтан С.Оюунчулуун, эх хатан Дондогдуламын дүрд УДБЭТ-ийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Р.Доржхорлоо, Соёлын тэргүүний ажилтан М.Анхтуяа нар тоглосон юм. Мөн шанзав Бадамдоржид УДЭТ-ийн жүжигчин, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Манжийн түшмэлд Гавъяат жүжигчин, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар гээд манай улсын урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд түүхэн дуулалт жүжигт дүр амилууллаа.