logo
С.Бямбацогт: Төмөр замын “Цоргоо” олон болгоход бодлогоо чиглүүлнэ

С.Бямбацогт: Төмөр замын “Цоргоо” олон болгоход бодлогоо чиглүүлнэ

2022/10/05

ҮНС, ШАТАХУУН, УРГАЦ, ЦЕМЕНТ, ЭМ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ГЭХ МЭТ НИЙГМИЙН ЗОРИУЛАЛТТАЙ, АРД ИРГЭДИЙН АМЬЖИРГААНД ШУУД НӨЛӨӨЛӨХ АЧАА БАРААНЫ ТАРИФЫГ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт сайдын үүрэгт ажлаа аваад хамгийн эхэнд Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд 2022 Оны 10 дугаар сарын 04-ний өдөр төмөр замын салбарт тулгамдсан асуудал гарц шийдлийн талаар санал солилцох нээлттэй уулзалт зохион байгууллаа.

Сайд С.Бямбацогт “Улаанбаатар төмөр зам ХНН бол монголын хамгийн том ажил олгогч, ачаа, тээврийн дийлэнхийг зөөж, жилдээ 1 их наяд төгрөгийн борлуулалт хийдэг байгууллага. Тийм учраас сайдын ажлаа аваад хамгийн түрүүнд Улаанбаатар төмөр зам ХНН-д ажиллаж, үүрэг даалгавар өгсөн. Өнөөдөр та бүхэнтэй уулзаж, үүрэг даалгаврын биелэлт, учирч буй бэрхшээл, тэдгээрийн шийдлийн талаар энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Монгол Улсын Их хурал дээр Төмөр замын тухай хууль хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Энэ хуулийг нэн яаралтай батлах шаардлагатай байна.

Өмнө нь Улаанбаатар төмөр зам гэсэн ганцхан гол төмөр замтай байсан бол Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги гэсэн олон төмөр замтай болж байна. Тус замуудаар төр, хувийн хэвшлийн гадаад дотоодын вагонууд ачаа тээвэрлэж байгаа. Үүнийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах шаардлагатай. Үүнийг Төмөр замын тухай хуульд тусгаж зохицуулах ёстой.

Цаашдаа баруун босоо, зүүн босоо чиглэлийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх, Олон улсын тээврийн тариф, транзит тээврийн ачааллыг бууруулах зэрэг асуудал тулгамдаж байгаа. Үүнийг хурдан шуурхай шийдвэрлэхээр зорьж байна. Өнөөдрийн уулзалт нь ачаа бараа илгээгч, хүлээн авагч, тээвэр зуучийнхан болон иргэдэд тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилготой.

Нэг сарын өмнө Замын-Үүд дэх чингэлгийн бөөгнөрөл, гацааг арилгах үүрэг өгсөн бол үр дүн гарч өнөөдрийн байдлаар 290 орчим чингэлэг үлдсэн.  Мөн нийслэлд хуримтлагдаад байсан хоосон болон ачаатай чингэлэг 3 дахин буурсан үзүүлэлттэй байна. Экспортын ачаа тээвэрлэх захиалга авахад хүнээс үл хамаарах, ил тод, нээлттэй, шударга болгох, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах ёстой гэсэн үүрэг өгсөн. Энэ хүрээнд цахим систем боловсруулж ашиглаж эхэлсэн байна. Улаанбаатар төмөр замд нэг жилд 71 сая.тонн ачаа тээвэрлэх хүсэлт ирсэн байна. Гэтэл бид Улаанбаатараас Эрээний чиглэлд 12 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Энэ эрэлт, хэрэгцээ шаардлагаас үүдэж авлига, ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Тиймээс бид нөөц боломждоо тулгуурлан тээвэрлэж буй ачаагаа ил тод, нээлттэй, тэгш, хүртээмжтэй, шударга явуулах нь чухал. Нэгдүгээрт, Монгол Улсын эрх ашиг, хоёрдугаарт, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эрх ашгийг тавих хэрэгтэй. Уулзалтад ирсэн та бүхэн тулгамдаж буй асуудал, шүүмжлэлээ нээлттэй хэлэхийг хүсье” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн хэлэлцүүлгийн үеэр сайд С.Бямбацогт экспортын цоргоо олон болгох, томруулах ёстойг хэлэв. Үүний тулд Ханги-Мандалын төмөр замын холболтын цэг, төмөр замын терминалын асуудлыг шийдэж төмөр замын 2 дахь гарцтай болох, Замын-Үүдээр нэвтрэх вагоны цуваа 8-10 байсныг 14 болгосон өнөөдрийн түвшнээ хадгалах, цаашдаа 16-18 болгон нэмэгдүүлэх асуудлыг Хятадын талтай ярилцаж аль болох богино хугацаанд шийдвэрлэх, Сайншанд-Зүүнбаянгийн төмөр замыг шинэчлэх ажлыг яаралтай ажил хэрэг болгохыг сануулав. Мөн  төмөр замын тарифыг нэмэгдүүлж алдагдлыг бууруулж, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлого хэрэгжүүлэхдээ хүнс, шатахуун, ургац, цемент, эм эмнэлгийн хэрэгсэл гэх мэт нийгмийн зориулалттай, ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх ачаа барааны тарифыг нэмэгдүүлэхгүй байх бодлого баримталж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ЗТХЯ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш