logo
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллав

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллав

2022/10/13

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд албан томилолтынхоо хоёр дахь өдрийг /2022.10.11/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцсанаар эхлүүллээ.

Үйлдвэрийн удирдлагууд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд болон Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төлөвлөлтийн талаар танилцууллаа. Үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ-ийг боловсруулж батлуулсан бөгөөд одоо зураг төсөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдэж байгаа аж. Мөн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах зориулалтаар 1217 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, цахилгаан, дулаан, уур, усан хангамж, төмөр болон авто зам, ариутгах татуурга, бохир усны өргөтгөлийн станц зэрэг дэд бүтцийн байгууламжуудын зураг төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаар батлуулсан байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон “Өнгөт металлургийн салбарын суурь Эрдэнэтэд байх ёстой. Зэсийн баяжмалын үйлдвэр мэргэшсэн боловсон хүчинтэй, ажиллах хүчний том нөөц учир энэ үйлдвэрээ түшиглэн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаашид эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй өндөр технологийн түүхий эд болох зэс нунтаг, зэс ялтас, зэс кабель, хоолой, цахилгаан тоног төхөөрөмж, эд анги, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой. 2050 он гэхэд дэлхийн зэсийн хэрэглээ гурав дахин өснө. Үүнд бид бэлтгэх ёстой” хэмээн танилцуулгынхаа үеэр онцоллоо.

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөж, валютын урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэйг дурдаад, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах, Засвар механикийн заводын өргөтгөлийн төслийг тэргүүн эгнээнд хэрэгжүүлэх зөвлөмж өглөө. Харин исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх чиглэлд хувийн хэвшлийн манлайлал дээр хамтарч ажиллах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах санал дэвшүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, технологийн материал, тоног төхөөрөмжийн импорт, тээврийг жигд найдвартай хангахад УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд анхаарал хандуулж ажиллахыг хүссэн юм.

Монгол Улсын төсвийн орлого бүрдүүлэхэд тус үйлдвэрийн зэсийн баяжмалын экспорт чухал үүрэг гүйцэтгэдэг. Одоогийн байдлаар зэсийн баяжмалын ачилт тээвэрлэлт вагоны хангалтаас хамааран хоногт 30 вагоноор нийлүүлж байгаа нь бүтээгдэхүүний борлуулалт удаашрахад хүргэж буй юм.Тус үйлдвэрийн агуулахад 15 мянган тонн зэсийн баяжмалын үлдэгдэлтэй байгаа аж. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон вагоны тоог нэмэгдүүлж доод тал нь 35 болгох тал дээр анхааран ажиллахыг Байнгын хорооны даргаас хүслээ.

Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин энэ тал дээр онцгой анхаарч холбогдох байгууллагатай ярилцаж, түргэн хугацаанд шийдвэрлэх болно гэдгээ илэрхийллээ.

Дараа нь “Эрдэнэт” үйлдвэрийн олборлолт ашиглалтын явцад бий болсон технологийн бус исэлдсэн хүдрийн овоолгуудыг түшиглэн байгуулагдсан катодын цэвэр зэс, зэс утас үйлдвэрлэгч “Эрдмин” болон “Зэс эрдэнийн хувь” компанийн үйл ажиллагаатай танилцав.

“Эрдмин” компанийн хувьд татварын бодлого, дэмжлэг хэрэгтэй байгаа гэж байлаа. Харин “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьд үйлдвэрийн бүтээн байгуулалт 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Ирэх долоо хоногт анхныхаа бүтээгдэхүүнийг гаргаж эхлэхээр төлөвлөн ажиллаж байгаагаа танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш