logo
Яармаг орчмын замын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах гүүрний ажил эхэлжээ

Яармаг орчмын замын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах гүүрний ажил эхэлжээ

2022/10/17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нийслэлийн хэмжээнд хийж байгаа зарим бүтээн байгуулалт, тохижилтын ажлын төсөл хэрэгжүүлж буй талбарт ажиллалаа.

Тодруулбал, Хотын дарга Олимпын гүүрний явган хүний гүүрэн гарц, Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэл болон Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө /Яармагийн замаас Нэгдүгээр хорооллын зам/ хүртэл шинээр тавих авто замын бүрдэл хэсгийн ажлын явцыг үзэж, гүйцэтгэгч байгууллагынхны санал, бодлыг сонссон юм.

Олимпын гүүрний нийт ажлын гүйцэтгэл 98 хувьтай, үндсэн ажил дууссан бөгөөд Улсын комисс өнөөдөр хүлээн авч байна. Тус гүүрний явган хүний замын гадаргуу нь халтиргаа гулгаа үүсэхгүй, 15 метр тутамд тэргэнцэр болон дугуйт хэрэгсэлтэй иргэд амрах боломжтой хэсэгтэй юм. Одоо гэрэлтүүлэг, тохижилтын ажил үргэлжилж байна гэсэн мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд өглөө. Хотын дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлж, Олимпын гүүрний явган хүний гүүрэн гарцыг бүрэн камержуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

ҮНДЭСНИЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд өнгөрсөн 2021 оны тавдугаар сарын 19-нд Засгийн газрын тогтоол гарч,  нийслэл Улаанбаатар хотын улсын төсөв рүү төвлөрүүлдэг байсан 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хөрөнгө оруулалт хэлбэрээр бүтээн байгуулалтад зарцуулахаар болсон. Энэ хүрээнд олон ажил хэрэгжүүлж буй. Нийт 36 багц асуудлын хүрээнд түгжрэлийг бууруулах үндсэн ажлууд хийж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэл гол ажлуудын нэгт орох нь зайлшгүй. Түүнчлэн гүүрэн байгууламж, замын өргөтгөл, уулзварын инженерчлэл, олон түвшний огтлолцолтой замын ажлуудыг Улаанбаатар хотод хийх шаардлагатай. Олимпын гүүрний явган замыг нээж, Улсын комисс хүлээн авлаа. Тухайн хороонд амьдарч байгаа иргэдийн аюулгүй зорчих гарцуудыг эхнээс нь шийдэж, явган хүний замын гүүрэн гарцыг олон улсын стандартад нийцүүлж бүтээн байгуулсан. Дараагийн онцлох ажил нь Зайсангийн гүүрийг шинэчлэх ажил юм. Тус гүүр нь 1967 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш энэхүү гүүртэй холбоотой томоохон шинэчлэлийг хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Мөн Богд уулын замыг давхар өргөтгөх ажлыг хийнэ. Энэ мэт шинэчлэх, өргөтгөх хотын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ. Дараагийн чухал асуудал бол Яармагийн түгжрэл. Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах хамгийн гол хүчин зүйл нь Улаанбаатар хотын хамгийн урт буюу 480 метр урттай гүүрэн байгууламж юм.

Үндэсний “Мотор сервис” ХХК-ийн хамт олон тендер сонгон шалгаруулалтад шалгарч, тус бүтээн байгуулалтыг ямар нэг урьдчилгаа авахгүйгээр ажлаа эхлүүлж байна. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрээ оруулж, эх оронч үзэл гаргаж байна гэж Хотын даргын хувьд талархаж байгаа. Хөрөнгө санхүү хомс, эдийн засгийн хүндрэлтэй цаг үед дотоод зохион байгуулалтаа сайн хийж, үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч энэхүү бүтээн байгуулалтыг хугацаанд нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Энэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн төв замд хоёр түвшний огтлолцолтойгоор урдуураа тойрч, хурдны замтай нийлэх замын трассын ажил үргэлжилнэ. Тус ажлыг бүрэн хийж гүйцэтгэснээр Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах тооцооллыг мэргэжилтнүүд гаргасан. Түгжрэл олон зүйлээс шалтгаална. Нийтийн тээвэр, гүүрэн байгууламж барих, зам өргөтгөх, шинэчлэх, шинээр барьж байгуулах, явган хүний болон дугуйн зам, сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй байдал, бүтээн байгуулалт гэх мэт 36 багц асуудалд үндэслэж, түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулах тооцооллыг гаргасан. Түүнчлэн цахим хот болох хэрэгтэй. Энэ хүрээнд RFID нэвтрүүлэх, автомашин мэдрэгчтэй болох, автомашиныг бүртгэлжүүлэх, камержуулах зэргээр бүртгэл, хяналтыг хангаж байж дараагийн шатны ажлууд хийнэ. Энэ мэтчилэн сахилга баттай, замбараатай байдлаар цаашид хотын ажлууд үргэлжилнэ. Энэ бол зайлшгүй хийх ёстой ажил. Ажлын гүйцэтгэл маш чухал. Хийх ажлуудыг тус тусад нь хуваарилж байж олон ажил зэрэг үр дүнтэй үргэлжилж байна. Их хотын бүтээн байгуулалтад дандаа үндэсний аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаа. Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллаж байгаа” хэмээлээ.

ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРИЙН СУУРИЙГ ЭНЭ ЖИЛДЭЭ БАГТААЖ ДУУСГАНА

Зайсангийн гүүрний өргөтгөлийн ажлын явцын талаарх мэдээллийг төсөл гүйцэтгэгч “ZMZ” ХХК-ийн захирал Д.Ганбаатар өгсөн юм. Тэрбээр:

-Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд шинэ гүүрний суурь, шон тулгуур, дамнуурга зэрэг ажлуудыг энэ намар хийнэ. Шинэ гүүр нь гурван багц 36 тросстой, ган татлагат төмөр бетон гүүр юм. Доошоо 20 метрийн гүн өрөмдлөгтэй, нэг тулгуурын доор зургаан шонтой, 5.5 метр өндөр тулгууртай. Шинэ гүүрээр зорчих хэсэг нээгдсэний дараа хуучин гүүрийг 100 хувь буулгаж, байран дээр нь буюу нөгөө гүүрнээсээ зургаан метрийн зайд шинэ гүүр барих юм гэлээ.

МОНГОЛ УЛСАД УРТЫНХАА ХЭМЖЭЭГЭЭР ХОЁРТ ОРОХ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛСЭН

Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө /Яармагийн замаас Нэгдүгээр хорооллын зам/ хүртэлх шинэ зам ашиглалтад орсноор Яармаг орчмын замын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах тооцооллыг мэргэжилтнүүд гаргасан. Энэ хүрээнд шинэ гүүрний суурь, бүтцийн ажлууд хурдтай өрнөж буйг гүйцэтгэгч байгууллага онцолж байлаа.

Энэхүү бүтээн байгуулалтын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрний хяналтын мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх инженер Ч.Батсайхан “Наадамчдын гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл төсөл хэрэгжинэ. Эхний ээлжид гурван гүүрний барилгын ажил үргэлжлээд явж байна. Эхний гүүр нь 37 метр урттай Туул голын салаа дээр баригдаж байгаа. Дараагийнх нь 391 метр урттай. Энэ нь Монгол Улсад уртынхаа хэмжээгээр хоёрт орох том хэмжээний гүүр юм. Мөн Дунд гол дээгүүр 55 метр урт гүүр барина. Тус гүүрэн байгууламж нь Монгол Улсдаа анхны зургаан эгнээтэй, дөрвөн өнцөгт нь амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 31.3 метр өргөн. Тус гүүрэн байгууламжийг барьснаар Энхтайваны өргөн чөлөө болон Яармагийн замын ачааллыг хуваарилах ач холбогдолтой” гэлээ.

Харин төсөл гүйцэтгэгч “Мотор Сервис” ХХК-ийн захирал Д.Доржбат “Гэрээг тавдугаар сарын 20-нд байгуулж, ажил есдүгээр сарын 5-нд эхэлсэн. Эхний гүүрний шон, суурь, өрөмдлөгийн ажил дууссан. Үлдсэн хоёр гүүрний ажил мөн өндөр хувьтай явж байна. Энэ жилдээ суурь, бүтцийн ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Бүтээн байгуулалтын явцад материалын асуудал, цементийн үнийн өсөлт зэрэг хүндрэлтэй байна. 2023 онд зөвхөн гүүрний ажил дуусна. Нийт авто замын ажил үе шаттай үргэлжлэх юм” хэмээн ярьж байлаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш