logo
Эрээн өртөөнд 2466 экспортын чингэлгийг хүлээлгэн өгчээ

Эрээн өртөөнд 2466 экспортын чингэлгийг хүлээлгэн өгчээ

2022/10/20

Цар тахлын халдварыг хумих зорилгоор өнгөрсөн оны эцсээр БНХАУ-ын зүгээс Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замаар нэвтрэх ачааны хэмжээг эрс багасгасан нь манай улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй уул уурхайн экспортын бүтээгдэхүүний тээврийн хэмжээ үлэмж хэмжээгээр буурах эрсдэлийг бий болгосон юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь ГХЯ, ЗТХЯ зэрэг холбогдох төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр Хятадын төмөр замтай шаргуу ярьж зөвшилцөж, хамтран ажилласны үр дүнд Замын-Үүд–Эрээн боомтын төмөр замаар солилцох галт тэрэгний тоо аажмаар нэмэгдэж, өнөөдөр хэвийн хэмжээнд хүрээд байна.

УБТЗ нь Хятадын төмөр замтай хэлэлцэн тохирсон ёсоор өргөн царигаар хоногт 14 галт тэргийг Хятадын талд хүлээлгэн өгч байхаар тохирсон бөгөөд энэ оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс хоногт 14 галт тэргийг Эрээн өртөө хүлээн авч эхлээд байна. Ийнхүү Замын-Үүд–Эрээн өртөөний галт тэрэг солилцоо нэмэгдсэнээр манай улсын экспортын тээврийн хэмжээ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүллээ.

Галт тэрэг солилцоо нь экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг тодорхойлж байдаг төмөр замын нарийн технологид ажиллагаа бөгөөд 1 галт тэрэг гэдэг нь дунджаар 50 вагоноос бүрдсэн хөдлөх бүрэлдэхүүн бүхий урт цуваа юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Замын-Үүд–Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар 47 галт тэрэг буюу 2,460 вагон бүхий 2,466 экспортын чингэлгийг Эрээн өртөөнд хүлээлгэн өгөөд байна.

Мөн Замын-Үүд–Эрээн боомтын нарийн царигийн төмөр замаар импортын чингэлэгтэй 34 галт тэрэг буюу 1,907 вагон бүхий 1,907 чингэлэг Замын-Үүд өртөөгөөр хүлээн авсан байна.

Улаанбаатараас 2,751 хоосон чингэлэг ачиж, 2,664 ачаатай чингэлэг буулгажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш