Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун сүүлийн үед хийж байгаа хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр “Номин тав трейд” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 8 дах заалтад заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухай мэдээллээ.
Агентлагийн даргын 01/20 дугаартай удирдамжийн дагуу супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжууд болон Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд хийсэн хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар “Номин тав трейд” ХХК, “Боса” ХХК, “Моннидер” ХХК, “Дижитал концепт” ХХК-иудын “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2202000282 дугаартай зөрлийн хэрэг нээн шалгасан.
“Дижитал концепт” ХХК, “Боса” ХХК, “Моннидер” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн гэрээ нь өрсөлдөөнийг хязгаарласан болох нь тогтоогдоогүй байх тул өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин тус зөрчлийн шинжтэй үйлдэлд “Номин тав трейд” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний буюу 6.991.078.000 /зургаан тэрбум есөн зуун ерэн нэгэн сая далан найман мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэлээ гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.