Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болно.
Хуралдаанаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын талаарх зохицуулалт, тус хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хянан шийдвэрлэх журмыг тус тус тайлбарлах тухай хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал, Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас ирүүлсэн хүсэлт болон И.Мөнхжаргалаас ирүүлсэн “Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолд тайлбар хүсэх” тухай хүсэлт, 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, хэсэг Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгох шүүхүүдийн санал үндэслэлтэй эсэхийг хэлэлцэхээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн хүсэлттэй танилцана.
Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх