Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-аас оюуны спортыг дэмжих зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 2023 оны 11 дэх удаагийн тэмцээний талаар УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, УИХ дахь Шатар сонирхогчдыг дэмжих лобби бүлгийн зохицуулагч Б.Наранбаатар, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн зөвлөх, тэмцээний ерөнхий шүүгч Г.Алтан-Оч нар мэдээлэл өглөө.
Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, тэвчээртэй болгодог, аливаа асуудлыг хүчээр бус арга ухаанаар даван туулах хүмүүжил олгодог онцгой спорт. Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 3 үе шаттай болдог бөгөөд зэрэг цолгүй, Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй /эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл/, зөвхөн насанд хүрсэн шатарчид оролцдог онцлогтой. Өнгөрсөн жилийн тэмцээнд 6030 шатарчин оролцсон байна.
Анхан шатны тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болж, Сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна.
Хагас шигшээ тэмцээн 2022 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд болж, Аймаг, нийслэлийн аваргуудыг шалгаруулна.
Шигшээ тэмцээн 2023 оны 01 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, Шатар сонирхогчдын Улсын аваргыг тодруулах юм.
Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилалд эхний 3 байр эзэлсэн шатарчид Шатрын спортын дэд мастер цол олгодог. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авдаг юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.