logo
“Цагаадайн улсын өв соёл”- гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, номын нээлт болно

“Цагаадайн улсын өв соёл”- гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, номын нээлт болно

2022/11/18
Профессор Ойдовын Нямдаваагийн“Цагаадайн улсын өв соёл”- гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, номын Монголын Үндэсний музейн "Эзэнт гүрэн" танхимд 2022 оны 11 сарын 18-ны 11.00 цагт болно.

Тэрбээр өмнө нь Алтан орд улс, Ил хант улс, Шинжаан Уйгар дахь Цагаадайн нутгаар, Монгол-Энэтхэгийн эрт өнөөгийн харилцаа, хамтын ажиллагаа, Дэлхийн Монголчууд, Балбын Монголчуудын тухай цуврал үзэсгэлэн, ном, баримтат кино 2012 оноос эхлэн гаргаж нийтийн хүртээл болгож, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Эдгээр ажлыг хийхдээ очсон орнуудын эрдэмтэн судлаачтай уулзаж, бодит байдалтай танилцан, эрдэм шинжилгээний судалгаа бүхий бүтээл гаргаж, зарим зүйлийг монгол хүний нүдээр харж түүнд шүүмжлэлтэй ханддаг. "Цагаадайн улсын өв соёл”, судалгааг Төв Азийн орнуудаар 20 гаруй хоног 6500 км аялж, Төв Азид Цагаадай хааны байгуулсан 4 хувь нэмэрийг ( Төв Азийн улс орнуудын засаг захиргааг өөрчилж Түмтийн системд оруулсан, Торгоны замын аюулгүй байдлыг бий болгосон, 700 жилийн түүхтэй Цагаадай хэлийг бий болгосон, Цагаадай хааныг дагаж очсон 4 аймгийг дөрвөн газар байрлуулж улмаар тэдгээр нь өөрсдийн амьдарч байгаа орон нутгаа монгол аймгуудынхаа нэрээр нэрэлж мөнхрүүлсэн зэрэг) гарган тавив.
 
Цагаадай хааны нэртэй хаалга, Цагаадайн ярилцлага нэртэй олон нийтийн байгуулллага, Цагаадай хэл, Цагаадай нэртэй дүүрэг өнөөдрийг хүртэл Төв Азид үлдсэнийг анхлан гарган тавилаа. Тэнд өнөөдөр Монгол аймгийн нэртэй Нукуз, Хонгирад, Найман, Харш, Чагатай зэрэг хотууд байж Монголоо дурсдаг юм байна. Монголын Барлас аймгийг Кашкадарьяад, Найман аймгийг Ферганы хөндийд, Жалайр аймгийг өнөөгийн Тажикстаны Хоженте хотод, Нукуз аймгийг Амударьяа голын сав нутагт тус тус Цагаадай хаан байрлуулжээ. Тэдний өнөөгийн амьдралыг нэгэн адил гаргалаа. Мөн Цагаадай хааны хамгийн сүүлчийн удмын хаан Буян Кулийн бунхан, Төмөр хааны анхны хатан Биби Ханумын бунхан, Шинжан Уйгар, Туркменистан, Тажикстанд байгаа зүйлүүд, Кыргыз улсын Монголдор байгууллагын талаар таны мэлмийг мялааж байна.

Нээлт: 2022 оны 11 дүгээр сарын 18 ний 11 цагт Монголын Үндэсний музейн Эзэнт улсын танхимд болно. Үзэсгэлэн 11 сарын 26 хүртэл үргэлжилнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш