16 байршлын 3.8 га газрын нийтийн эдэлбэр газрын хамгаалалтад авах асуудлыг Нийслэлийн ИТХ-аар хэлэлцлээ.
Уг асуудлыг хэлэлцэхийн өмнө Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн тогтоолын хэрэгжилтийг төлөөлөгчдөд танилцууллаа. Нийслэлд нийт 219 байршилд 285.23 га газрыг нийтийн эзэмшилд баталгаажуулж авсан бөгөөд байршлын хилийн зааг болон эргэлтийн цэг тэмдэгтийг мэдээллийн санд бүртгэлжүүлэн ажиллаж байна.
2019-2022 онд нийтийн эзэмшилд бүртгэсэн 3 байршилд зөрчил гарчээ. Мөн Хан-Уул дүүрэг морин тойруулгын орчим, БЗД-т Жуковын талбай орчимд нийтийн эдэлбэр газрыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болсныг тэрбээр танилцуулгадаа дурдлаа. Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвдаваа Баянзүрх дүүрэг, Жуковын талбай орчим болон Чингис зочид буудлын орчим дахь нийтийн эдэлбэр газарт орон сууцны хотхон барих зөвшөөрлийг хаанаас, хэн олгосныг тодрууллаа.
Мөн Оросын соёл шинжлэх ухааны төв буюу РЦНК орчмын газрыг тэрбээр тодотгон асуусан юм. РЦНК орчмын хувьд тухайн хэсэгт газар эзэмшигч аж ахуйн нэгж нь шүүхийн шийдвэрээр эрх нь сэргэсэн тул нийтийн эзэмшилд бүртгэх боломжгүй байгаа аж. Энэ асуудалтай цуг “Усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс”, “Ундны усны эх үүсвэрийн хориглолт болон хязгаарлалтын бүс”-д өөрчлөлт оруулах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хасгийн явц, үр дүнгийн талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө хийлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ