Монгол Улсын иргэдэд иргэний цахим үнэмлэхийг нэг удаа үнэгүй олгохоор өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суурилан 484 бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан Монгол Улсын иргэн бүрт шууд олгох юм байна. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатараас тодрууллаа.
-Иргэний цахим үнэмлэхийг олгох тухай саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Эхний удаа үнэ төлбөргүй олгохоор болсон уу?
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс иргэний цахим үнэмлэхийг олгохдоо иргэдийг аль болох чирэгдүүлэхгүй цаг завыг нь хэмнэж, өртөг багатайгаар иргэдийн гарт хүргэхийг зорьж байгаа. Тиймээс Засгийн газарт үнэ төлбөргүй олгох тухай саналаа хүргүүлээд байсан.
Өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, эхний ээлжинд иргэдэд цахим үнэмлэхийг үнэ төлбөргүй олгохоор боллоо. Харин уг үнэмлэхээ хаяж үрэгдүүлээд дахин авах гэж байгаа тохиолдолд одоогийн иргэний үнэмлэхийг авдаг жишгээр үнэ хураамжаа төлөөд авах юм.
-Цахим үнэмлэх олгох ажлыг ямар хугацаанд хийх вэ?
-Засгийн газрын шийдвэрээр 16-аас дээш насны иргэн бүрт ирэх оны зургадугаар сарын 30-ныг хүртэл үнэ төлбөргүй олгохоор болсон.
Эх сурвалж:”Монцамэ”