logo
Нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр ирэх онд 101 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр ирэх онд 101 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

2022/12/05

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 47,938.0 сая төгрөг, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 66,194.2 сая төгрөг, нийт 114,132.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2023 онд төлөвлөсөн.

Энэ нь 2022 онтой харьцуулахад 530,793.7 сая төгрөгөөр буюу 5.7 дахин буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх нийт 101 төсөл, арга хэмжээний 81 нь барилга байгууламжийн төсөл, 14 нь их засвар, 2 нь тоног төхөөрөмж, 4 нь зураг төсөл боловсруулах төсөл байна.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2023 онд 66,194.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс авто зам, замын байгууламж шинээр барих болон шинэчлэх ажилд 43,814.2 сая төгрөг, авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтад 21,380.0 сая төгрөг, бусад зардалд 1,000.0 сая төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөсөн.

Төсвийн тухай хуулийн 60, 63 дугаар зүйл, Сангийн сайдын 2021 оны 86 дугаар тушаалын дагуу батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-д заасны дагуу орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангаж, саналыг гар утасны аппликешн ашиглан иргэдээс авсан.

Иргэдээс олон санал авсан тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалт, авто зам, замын засвар, нийтийн орон сууцны дээвэр, фасадын засвар, автобусны буудал барьж, тохижуулах, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, засвар шинэчлэлт, явган хүний зам зэрэг ажлыг нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны төсөвт тусган баталлаа. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш