logo
“Изинис Эйрвэйс” компани ОХУ руу нислэг үйлдээгүй

“Изинис Эйрвэйс” компани ОХУ руу нислэг үйлдээгүй

2022/12/16

Монголын агаарын тээврийн “Изинис Эйрвэйс” ХХК-ийн JU-1332 бүртгэлтэй Airbus A330 агаарын хөлөг БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд цэргийн зориулалттай ачаа тээвэрлэсэнд сэжиглэгдэж, шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл Aviation Source News сайтад 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдөр нийтлэгдсэн.

Иргэний нисэхийн ерөнхий газар нь агаарын тээвэрлэгч нарт Нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалт хийх, нислэгийн хөдөлгөөний удирдлага үйлчилгээ, холбоо, навигаци, нисэхийн мэдээлэл хангалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Тодруулбал, Агаарын тээвэрлэгчдээс ирсэн хүсэлтийн дагуу, тухайн чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрөл олгож, мэргэжлийн удирдлага, зөвлөмжөөр ханган ажилладаг. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд “Изинис Эйрвэйз” ХХК-ийн ирүүлсэн цагийн хуваарийн бус ачаа тээврийн нислэг үйлдэх хүсэлтийг журмын дагуу хүлээн авч Нисэхийн мэдээллийн эмхэтгэлд зарлагдсан баримт бичгийн бүрдүүлэлт хийж, агаарын зай, нисэх буудлын багтаамжид нийцүүлэн нислэгийн аюулгүй ажиллагааг ханган, нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн үйлчилгээ үзүүлж байна. Агаарын тээвэрлэгчийн ирүүлсэн нислэгийн хүсэлтэд аюултай ачаа тээвэрлэх тухай мэдээлэл байхгүй болно.

Тус агаарын тээвэрлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 09, 11, 14, 16-ны өдрүүдэд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд 4 удаагийн ачаа тээврийн хуваарьт бус нислэг үйлдсэн. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлд 1 удаагийн ачаа тээврийн хуваарьт бус нислэг үйлджээ.  Харин одоогоор  ОХУ-руу нислэг үйлдсэн тохиолдол байхгүй байна. “Изинис Эйрвэйс” ХХК-ийн дээрх агаарын хөлөг 11 сарын 30 өдрийн 15:33Z (23:33L) цагт Бээжингээс хөөрч, “INTIK”  олон улсын агаарын хаалгаар 16:26Z (00:26L XII/01) өндөр 11000м орж ирээд “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд 17:23Z (01:23L XII/01) зохих зөвшөөрлүүдийг авч нислэг үйлдсэн бөгөөд агаарын навигацийн ажиглалтын систем болох ADSB систем болон  SSR ажиглалтын системүүд дээр хэвийн илэрч нислэг хэвийн үйлдэгсэн байна.

Түүнчлэн “Изинис Эйрвэйс” ХХК нь өөрийн эзэмшлийн AIRBUS А330-200 агаарын хөлгийг 2022 оны 11-р сарын 04-ний өдрөөс Лондон болон түүнтэй дүйцэхүйц олон улсын А зэрэглэлтэй давхар даатгагчдад 100% даатгуулсан бөгөөд эдгээр давхар даатгагчид нь Европын Холбооны Улс болон Их Британийн Нэгдсэн Вант Улсын хууль, дүрэм журам, санкцын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Европын Холбооны Улс, Америкийн Нэгдсэн Улс, Их Британийн Нэгдсэн Вант Улсуудаас Орос, Украйны дайны эсрэг тавигдаад буй санкцын хүрээнд агаарын тээвэрлэгч компани ачаа тээврийн зориулалтын онгоцоор Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт бууж, хөөрөх нислэг үйлдэх нөхцөлд даатгуулагч нь нислэг үйлдэхээс өмнө даатгагч болон давхар даатгагчдад COUNCIL REGULATION (EU) 2022/576 болон The Russia (Sanctions) (EU Exit) (Amendment) (No. 15) Regulations 2022-ын дагуу ачааны жагсаалтыг илгээн зөвшөөрөл авах үүрэг хүлээн, талууд уг харилцааг гэрээгээр баталгаажуулсан.

“Изинис Эйрвэйс” ХХК уг гэрээний үүрэг, хариуцлагынхаа дагуу Оросын Холбооны Улсруу нислэг үйлдэхийн өмнө даатгагчдад харилцагчаас хүргүүлсэн ачаа тээврийн жагсаалтыг илгээсэн бөгөөд давхар даатгагчдын зүгээс уг жагсаалт дахь зарим ачаа нь санкцын шаардлагыг зөрчиж болзошгүй хоёрдмол шинж чанартай байна гэж үзэн “Изинис Эйрвэйс” ХХК-ийн тухайн нислэгт даатгал үйлчлэхгүй гэдэг хариуг хүргүүлсэн тул даатгуулагч “Изинис Эйрвэйс” ХХК нь А330-200 агаарын хөлгөөр Оросын Холбооны Улс уруу нислэг үйлдээгүй болно. Тиймээс Aviation Source News болон бусад сайтад нийтлэгдсэн уг мэдээлэл нь ташаа мэдээлэл юм.

Эх сурвалж: ИНЕГ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш