“Өнөмөнх хөх тэнгэрийн орон” уриан дор Байгаль хамгаалал болон уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицоход шаардлагатай санхүүжилтийг бий болгох зорилго бүхий арга хэмжээ юм.
CBD-COP15-ын 12-р сарын 16-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид Дэ Нэйче Консерванси (TNC) болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), PEW Charity, ZomaLab зэрэг Enduring Earth-ийн түншүүдтэй хамтран тусгайлсан арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь дэлхийн хэд хэдэн улсад амжилттай хэрэгжүүлсэн “Байгаль хамгааллын тогтвортой урт хугацааны санхүүжилтийн санаачилга буюу Project Finance for Permanence (PFP)”-ийг Монгол Улсад хэрэгжүүлэх болсныг тэмдэглэх зорилготой байв.
Nature Positive Павильоны хүндэтгэлийн ёслолд Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд , Монгол Улсын ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөх Н.Батхүү нар оролцлоо. Элчин сайд Я.Ариунболд хэлсэн үгэндээ Монгол Улсын биологийн олон янз байдлыг хамгаалахад дэлхий нийтийн ач холбогдол өгч, 30х30 зорилгыг хэрэгжүүлэх амлалт, байгаль хамгаалал ба уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох чиглэлд санхүүжилтийн нөөцийг дайчилж буй хүчин чармайлт, цар тахал болон шилжилтийн эдийн засгаас үүсч буй хүндрэл бэрхшээл тэдгээрийг даван туулахад шинэлэг бөгөөд чухал санаачилга болох PFP хөтөлбөрийн ач холбогдлыг онцлов. Мөн TNC байгууллагын Монгол дах төлөөлөгчийн газрын Байгаль хамгааллын асуудал хариуцсан захирал Б.Батхуяг PFP хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжит судалгааны үр дүнг танилцууллаа.
Тусгайлсан арга хэмжээг TNC байгууллагын Газар нутаг, Далай тэнгис, Цэнгэг усны хамгааллын асуудал хариуцсан захирал доктор Жеффри Париш удирдан чиглүүлсэн бөгөөд нээлтийн үгийг Байгаль хамгааллын асуудал хариуцсан захирал Дэвид Бэнкс хэлсэн юм. Enduring Earth түншлэлийн Гүйцэтгэх захирал хатагтай Зденка Пискулич мөн өргөн цар хүрээтэй шинэлэг шийдэл болох PFP хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын хамтын ажиллагаа ба сүлжээний ач холбогдлын талаар дурдсан юм.
Түүнчлэн Nature Positive Павильоны хүндэтгэлийн ёслолын үеэр TNC байгууллагын Гүйцэтгэх захирал Женнифер Моррис биологийн олон янз байдлыг хамгаалах ба тогтвортой санхүүжилтийн чиглэлээр Монгол Улсын гаргасан ололт амжилтыг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрээр Дэлхийн биологийн олон янз байдлын тогтолцоог хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын бодлогын манлайлалд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
PFP хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газар Enduring Earth түншлэлтэй хамтран олон улсын санхүүжүүлэгч байгууллагууд, хувийн хэвшил болон дотоодын нөөцийг дайчлан санхүүжилтийг нэмэгдүүлж байгаль хамгаалалд төвлөрүүлэх зорилготой. Улмаар 14.4 сая гаруй га талбайг улсын тусгай хамгаалалтад авч, 32 сая га газрын хамгаалалтын менежментийг сайжруулах боломжтой болох юм. Мөн 34 сая га газарт тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон байгалийн нөөцийн хамтын менежментийг нөхөрлөлүүдээр дамжуулан хэрэгжүүлэх юм.
Эх сурвалж: БОАЖЯ