logo
ШӨХТГ: Албан шаардлагыг биелүүлээгүй зарим ломбардын үйлчилгээ эрхлэгчдэд мөнгөн торгууль оногдууллаа

ШӨХТГ: Албан шаардлагыг биелүүлээгүй зарим ломбардын үйлчилгээ эрхлэгчдэд мөнгөн торгууль оногдууллаа

2022/12/23
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд өмнө нь хяналт шалгалт явуулахад зээлийн хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэн тооцсон буюу хуулийн хэрэгжилтийг хангаагүйгээс гадна стандартын шаардлага хангахгүй байх зөрчил нийтлэг илэрсэн тул зөрчлийг арилгуулахаар Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Энэхүү албан шаардлагын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу уг албан шаардлагыг биелүүлээгүй зарим аж ахуй эрхлэгчдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авлаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбардын үйл ажиллагаа эрхэлж буй “О ....” ХХК, “Тан....” ХХК-д Зөрчлийн тухай хуульд заасны дагуу мөнгөн торгууль оногдуулж хариуцлага тооцлоо.
 
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно.” гэж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д “... хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно.” гэж заасан.
Эх сурвалж: ШӨХТГ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш