-МҮОНТ-ээр шинэ жилийн баярыг тохиолдуулан үзэгчдэд онцлог ямар нэвтрүүлэг хүрэхээр бэлтгэгдэж байгаа вэ?
-Манай телевиз нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд цэнхэр дэлгэцээр 55 жил үзэгчидтэйгээ мэндчилж байна. Шинэ жилийн баярын өдрүүдэд ч үзэгчидтэйгээ учран золгохдоо олон сайхан контент бэлтгэн явуулдаг. Энэ уламжлалынхаа дагуу бид хоёр сарын өмнөөс нарийн төлөвлөгөөгөө гаргаж ажилласан. “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” нэвтрүүлгээрээ Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа агсны дуунуудаар бэлтгэсэн нэвтрүүлгээ хүргэсэн. Мөн “Гэгээн үдэш” нэвтрүүлэг. Энэ жилийн хувьд бид олон жижиг нэвтрүүлэг хийснээс тасралтгүй үргэлжилсэн хөтөлбөр хэлбэрээр шинэ жилийн контент бэлтгэх нь зөв юм гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Үүний нэг нь өнөөдрөөс ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл өдөр бүр 22:00 цагаас гарах "Мандарин” шинэ жилийн хөтөлбөр байна.
-“Мандарин” гэж яагаад нэрлэсэн юм бэ?
-Бид хүүхэд байхдаа шинэ жилийг гацуур мод, мандаринаар төсөөлдөг байлаа. Энэ жимс тухайн үед ховор ч байв. Тиймээс тэр дурсамжийг сэргээх үүднээс дээрх хөтөлбөрийг бэлтгэхэд 30 гаруй хүнтэй баг ажиллалаа. Энэ нэвтрүүлгээр дуу хуур, хөгжөөнт тоглоом, инээд хөөр гэрэлтэх болно.
-Үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээдэг “Баярын мишээл” ч орхигдохгүй байлгүй ...
-Тийм шүү. МҮОНТ-ийг “Баярын мишээл”-гүйгээр төсөөлөхийн арга үгүй. Энэ жилийн хувьд “Баярын мишээл-2022”-оо “New star” студийн продюсер, хөгжмийн зохиолч, “Пентатоник” хөгжмийн наадмын гурван удаагийн шагналт С.Гантөрийн дуунуудаар бэлтгэсэн байгаа. Энэ нэвтрүүлэг 31-ны 23:00 цагаас гарна. Манай телевиз “Орон даяар” хөгжмийн хөтөлбөр бэлтгээд үзэгчиддээ таван дугаар хүргэсэн. Энэ удаа гитарчин, хөгжмийн зохиолч, продюсер Д.Өлзий-Оршихын дуунуудаас бүрдсэн хөтөлбөрөө 2023 оны нэгдүгээр сарын 1-нд гаргахад бэлэн болоод байна.
-Хүүхдэд зориулсан ямар нэвтрүүлэг гарахаар төлөвлөгдсөн байгаа вэ?
-Сонирхолтой олон контент хүлээгдэж байгаа. Хүүхдүүдийн орох дуртай байсан “Харшын сүлд модны наадам”-ын хүрээнд “Найрамдлын шинэ жил”, “Аз жаргалтай шинэ жил” зорилтот хөтөлбөрөө хүргэх гэж байна. МҮОНТ-ээ бид насны хязгааргүй гэж ярих дуртай. Тиймээс ер нь бүх насныханд зориулсан хөтөлбөр гаргахаар зорин ажиллаж байна.
-Зохиомжит жүжигчилсэн хөтөлбөрийг үзэгчид их хүлээдэг. Тийм нэвтрүүлэг гарах болов уу?
-Энэ онд бид маш их сонирхолтой олон контент үзэгчиддээ хүргэсэн. Улсын баяр наадмыг орон даяар дамжуулахдаа бусад бүх телевизэд гаралтаа өгсөн. Энэ маш том ажил байлаа. Мөн “Нүүдэлчдийн соёлын наадам”. Үүнээс гадна “Шинэ ажилтан” зорилтод хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Одоогоор дөрвөн дугаар гарсан бол нийтдээ 10 дугаар гарах юм.
-Энэ нэвтрүүлгийн зорилго юу вэ?
-Өнөөгийн зах зээлд эрэлттэй ажлын байр маш их байна. Тэнд нас харгалзахгүйгээр ажилтан авах ажлын байр байгаа бол нөгөө талд нь ажил хайж байгаа хөдөлмөрийн насны иргэн байна. Энэ хоёрыг холбох нь бидний нэвтрүүлгийн гол зорилго оршиж байгаа юм. Эхний ээлжинд бид тэтгэвэрийн насны хоёр иргэнийг сонгосон. Ийм насны хүнийг сонгосон нь бас учиртай. Тэдний оюуны болоод амьдралын арга барил, бие бялдрын нөөцийг зөв хувиарлаж чадах юм бол ажлын нөөц байгаа юм байна шүү гэдгийг харуулахыг хүссэн. Дараа дараагийн нэвтрүүлэгтээ өөр өөр төрлийн мэргэжилтнийг оруулна. Жишээ нь мужаан, аялал жуулчлал, боловсролын салбар гэх мэт. Түүнчлэн “Дархан хилийн зааг” нэвтрүүлэгтээ Монгол Улсын хэмжээнд мэнд байгаа 22 генералаа оролцуулсан. Тэдний бий болгосон алдар гавьяа, хэлэх гэсэн үг, эх орноо гэсэн оюун бодлыг архив болгон үлдээх нь бидний зорилго.
-“Шинэ ажилтан” зорилтод хөтөлбөрт орж байгаа иргэдийг хэрхэн сонгож байгаа вэ?
-Тэтгэвэрийн насныхныг оролцуулахдаа эхлээд Монголын ахмадын холбооны удирдлагуудтай уулзаж, нийслэлийн хэмжээнд үйл ажллагаа явуулж байгаа бүх ахмадын хорооныхонтой гурван удаагийн уулзалт зохион байгуулсан. Тэд аль дүүргээс хэн гэдэг оролцогч оруулахаа шийдсэн. Дараагийн төслүүддээ харьяалагдах яам болон төрийн ба төрийн бус байгууллагуудтай уулзалдаж, телевизийнхээ байранд нээлттэй сонгон шалгаруулж сонгоно.
-Ярилцсанд баярлалаа.