Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн 2022 оны ээлжит 2 дугаар хурал 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Хурлыг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга Х.Нямбаатар үг хэллээ.
Тэрбээр Монгол Улс одоогийн байдлаар ФАТФ-ын 40 зөвлөмжийн 39-ийг “дийлэнхийг” болон “бүрэн” биелүүлснээр Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн орнуудаас хамгийн сайн үнэлгээтэй 2 дахь улс болоод байна.
Цаашид энэ эрчээ алдалгүйгээр дараагийн харилцан үнэлгээнд сайн үр дүн үзүүлж, амжилтаа бататгахад тус Үндэсний зөвлөлийн оролцоо, тусламж дэмжлэг нэн чухал ач холбогдолтой бөгөөд Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт Монгол Улс 2022 оны явцын тайланг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны дотор хүргүүлэн тайлагнах чухал ажил байгаа гэдгийг онцлоод, Зөвлөлийн гишүүдэд тодорхой үүрэг чиглэл өглөө.
Үндэсний зөвлөлөөс 2022 онд хийж гүйцэтгэсэн онцлох ажлууд дурдвал:
- Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд Монгол Улсын виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах, терроримзыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, Дэлхийн банкны аргачлалын дагуу тус салбарын эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэв. Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсын 2022 оны Явцын тайланг баталж, Зөвлөмж 15-ын үнэлгээг ахиуллаа.
- Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 265 дугаар тогтоолоор үндэсний хэмжээнд хэрэгжих “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулсан.
Санхүүгийн мэдээллийн алба мэдээлэх үүрэгтэй этгээдийн тайлагнах үйл ажиллагааны чанарыг сайжруулж, тус албаны үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор мэдээлэх үүрэгтэй этгээдийн бүртгэл болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд тайлан, хавсралт мэдээг тайлагнах, хүлээн авах, боловсруулах болон дүн шинжилгээ хийж, хууль, сахиулах байгууллагад шилжүүлэх процессуудыг бүрэн хангах чадалтай гоАМЛ програмыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
- Дэлхийн банкны аргачлалын дагуу хийгдсэн Монгол Улсын 2021 оны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээний тайланг эцэслэлээ.
- Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын банкны холбооны Комплаенсийн мэргэжлийн зөвлөлөөс тус тус комплаенсийн форум зохион байгуулж форумд Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүд оролцож, гол сэдвүүдийн хүрээнд зайнаас харилцагчийг таньж мэдэх, корреспондент банкны харилцааг сайжруулах болон хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэлэлцэж зөвлөмж гаргалаа.
- Санхүүгийн мэдээллийн алба болон Татварын ерөнхий газар АНУ-ын сангийн яамны зөвлөхийн зөвлөмжийн дагуу татвараас зайлсхийсэн болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийн мэдээллийг тодорхойлох төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн Үндэсний зөвлөлийн хурлаар 5 үндсэн асуудлыг хэлэлцсэн бөгөөд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, төрийн болон ашгийн бус байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлага, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.