УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаарх УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. Тэрбээр, УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дэд даргад Монгол УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Лхагвын Мөнхбаатарын нэрийг дэвшүүлснийг мэдэгдлээ.
Л.Мөнхбаатар нь 1977 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрж, 1985-1995 онд тус аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006-2008 онд “Отгонтэнгэр” их сургууль, 2015 оноос МУИС-ийн төгсөлтийн дараах докторантад суралцсан. 1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, 2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч, 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2014-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн, 2016-2020 онд Монгол УИХ-ын гишүүн, 2020 оноос Монгол УИХ-ын гишүүн, 2022 оноос Монгол УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байна гэв.
Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол УИХ-ын дэд даргаар Л.Мөнхбаатарыг сонгох саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь нь дэмжсэн тул “Монгол УИХ-ын дэд даргыг сонгох тухай” УИХ-ын тогтоолыг батлав.