Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн 1914 онд Өргөө хот дахь Засгийн газрын телефон холбоог ашиглах дүрмийг баталснаар өнөөгийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний баруун хойд талд байрлах ногоон байшинд телефон станцыг байгуулж байжээ.
Тус барилга нь 1913 онд баригдаж, 1914 онд баруун талын залгааг барьж дуусган анхны телефон станц байрласнаар олноо "Төмөр утасны хороо" буюу "Холбооны анхны барилга хэмээн нэрлэгдэж, 1921 оны 7 дугаар сараас эхлэн 1998 он хүртэл Холбооны музей байрлан ажиллаж байсан түүхт газар юм. Гэвч 2000 оны эхээс өдийг хүртэл тус байшинд хувийн аж ахуйн нэгж хууль бусаар хоолны газар, хүнсний дэлгүүр ажиллуулж ирсэн байна.
Тэгвэл өнөөдрөөс тус байшинг хуулийн дагуу төрийн өмчид эргүүлэн авч, Цахим хөгжил, харилцаа холбооны яамд хүлээлгэн өглөө.
Тодруулбал, 2004 онд уг барилгын өмчлөх эрх хууль бусаар “Ванхүү” ХХК-д шилжсэн байсныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар судалж тогтоон, улсын бүртгэлийг хүчингүй болгох арга хэмжээ авч, улмаар Анхны холбооны байшингийн анхны гадаад төрх байдлыг өөрчлөлгүйгээр хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангах, сэргээн засварлах, зориулалтын дагуу ашиглах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай болсноор 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр ийнхүү шийдвэрлэсэн байна.