logo
“Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

“Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2023/01/11

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг Засгийн газар 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Амарсайхан, Ц.Мөнхцэцэг нар байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Орхоны хөндийн хот байгуулалтын асуудалд онцгой ач холбогдол өгч, өндөр зохион байгуулалттай, нарийн төлөвлөлттэй ажиллах шаардлагатайг дурдлаа. Мөн тэрбээр, Улаанбаатар хотын 2020-2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг яаралтай УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлэх хэрэгтэй байна. 2020 онд хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөний хугацаа дууссан. 2020-2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй явж байгаа. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө байхгүй болохоор нийслэл хотод тулгамдаад буй асуудлыг шийдэхэд хүндрэл үүсээд байна гээд энэ асуудлыг анхааралдаа авахыг Барилга, хот байгуулалтын яамны удирдлагад дуулгалаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Шинэ хот Монгол Улсын түүх, археологи, соёлын төв болох ёстой. Тийм учраас хот төлөвлөлтийг анхнаас нь сайн менежменттэй хийж, шинэ суурьшлын бүс дэх хөрс, усны нөөцийг хангалттай тодорхойлон, соёл, аялал жуулчлал, түүхийн чиглэлээр хөгжүүлэх, жуулчдыг татах бүс болгохын төлөө зөвхөн Барилга, хот байгуулалтын яам гэлгүй бусад яамд хамтран ажиллах шаардлагатай хэмээсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй учир төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш