logo
Шадар сайд С.Амарсайхан стандартын шинэчлэлийн асуудлаар БШУЯ-нд ажиллалаа

Шадар сайд С.Амарсайхан стандартын шинэчлэлийн асуудлаар БШУЯ-нд ажиллалаа

2023/01/12

Боловсролын салбарт стандартыг шинэчлэх, мөрдүүлэх, сургалтын орчинг сайжруулах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Боловсрол, Шинжлэх ухааны яаманд өнөөдөр /2023.01.11/ ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газраас “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Үүний хүрээнд сургуулийн автобус, хоол үйлдвэрлэл, барилга, хамран суралцах тойрог, үдийн хоол хөтөлбөр болон бусад чиглэлд стандарт тогтоох, батлах, цаашид хэрэгжүүлэх асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Боловсрол, Шинжлэх Ухааны яаманд ажиллах үеэрээ салбарын сайд болон холбогдох албаныхантай хэлэлцлээ. 1978 онд цэцэрлэгийн хүүхдийн модон тоглоомын стандартыг баталснаар анхны стандартыг боловсролын салбарт мөрдөж эхэлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 156 стандартыг батлан хэрэгжүүлж байгаагийн дийлэнх нь сургалтын хөтөлбөр, сурах бичигтэй холбоотой байгаа юм. Өнөөдөр боловсролын салбарт мөрдөж байгаа стандартаас 23-ыг нь хүчингүй болгох шаардлагатай талаар албаныхан танилцуулсан юм.

Энэ үеэр Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан “Боловсрол, шинжлэх ухааны яам нь зөвхөн боловсролын асуудлыг хариуцаад зогсохгүй Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай монгол улсын хуулийн 10.2.2-т заасны дагуу “сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу боловсруулж, батлуулах” үүрэг хүлээсэн. Хүлээсэн үүргийн дагуу боловсруулсан төслийг батлуулах шаардлагатай байна” гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш