Гадаадын иргэн, харьяатын газар 2022 онд төлөвлөгөөт 13, төлөвлөгөөт бус 322 удаагийн хяналт шалгалтад 480 аж ахуйн нэгж, байгууллага, 2116 гадаадын иргэнийг хамруулсан байна. Хяналт шалгалтаар нийт 140 зөрчлийг илрүүлж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу 286 гадаадын иргэн, 7 уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 83 сая 590 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
Гадаадын иргэдийн гаргасан зөрчлөөр нь авч үзвэл:
- оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчсөн 151
- паспорт, паспортыг орлох баримт бичиг, эсхүл оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчсөн 93
- визийн хугацааг хэтрүүлсэн 15
- ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 13
- оршин суух хугацааг хэтрүүлсэн 7
- хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн 7 зөрчил байна.
Түүнчлэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслэн 15 улсын 63 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа. Эдгээр иргэдийн дийлэнх нь Хятад, Орос, Вьетнам, Нигери, Саудын Араб, Казахстан, Филиппин улсын иргэд байна.
Албадан гаргасан үндэслэлээр нь авч үзвэл:
- шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан 22
- эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 13
- оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн 8
- түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн 8
- хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн 5
- бусад холбогдох үндэслэлээр 7 иргэнийг тус тус албадан гаргалаа.
Дээрх тоон үзүүлэлтийг 2021 оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэн 2.6 дахин, зөрчил гаргасан уригч иргэн 2 дахин, албадан гаргасан гадаадын иргэн 2 дахин өсөж, зөрчил гаргасан уригч хуулийн этгээд 25.0 хувиар буурсан байна.
Эх сурвалж: ГИХГ