logo
Ардчилсан намын Эв нэгдлийн ажлын хэсгээс мэдэгдэл гаргалаа

Ардчилсан намын Эв нэгдлийн ажлын хэсгээс мэдэгдэл гаргалаа

2023/01/19

МЭДЭГДЭЛ

2022 оны 12-р сарын 17-ны өдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн санаачилгаар Ардчилсан Намын дотоодод өрнөсөн талцал хуваагдлыг эцэслэн шийдвэрлэх зорилготой “Эв нэгдлийн ажлын хэсэг” байгуулагдсан.

Энэхүү ажлын хэсгийг намын дотоодод зөрчилдөгч бүх талуудыг оролцуулан байгуулсан бөгөөд олон удаагийн уулзалт хэлэлцүүлэгт урьж оролцуулж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд намын дотоодод үүссэн талцал хуваагдлыг эцэслэн шийдвэрлэх эрхтэй цорын ганц байгууллага нь Улс төрийн намын тухай хууль, Ардчилсан Намын Үндсэн Дүрэм-д заасан төлөөллийн төв байгууллага буюу Үндэсний Бодлогын Хороо мөн.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санаачилгаар байгуулагдсан "Эв нэгдлийн ажлын хэсэг"-ээс намын Үндсэн дүрэмд заасанчлан ҮБХ-ны гишүүдийн шаардлагаар ҮБХ-г хуралдуулах санаачилга гаргасны дагуу 2023 оны 01-р сарын 13-ны өдөр Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны хурлыг үнэмлэхүй олонхын ирцтэйгээр зохион байгуулж намын даргыг сонгох журмыг санал нэгтэйгээр баталсан.

Өнөөдөр намын даргын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэснээр албан ёсоор сонгууль эхэлж байна.

Эв нэгдлийн хүрээнд явагдаж байгаа бүх үйл ажиллагаа түүний дотор ҮБХны бүрэлдэхүүн, түүний гаргасан шийдвэр нь Улс төрийн намын тухай хууль, Ардчилсан намын Үндсэн дүрэмд бүрэн нийцэж байгаа бөгөөд Улсын дээд шүүхийн гаргасан удаа дараагийн шийдвэр, тайлбарт үндэслэсэн, Улс төрийн намыг итгэмжлэхгүйгээр төлөөлөх этгээдэд тавигдах хуулийн шаардлагад бүрэн нийцсэн гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Энэхүү эвлэлдэн нэгдэх үйл ажиллагаанд хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж, талцал хуваагдлыг үргэлжлүүлэх сонирхол бүхий цөөн хүмүүс байхыг үгүйсгэхгүй бөгөөд тэдгээрийн зүй бус санаархалд автахгүй байж, эв нэгдлийг эрхэмлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүд, нийт намын гишүүддээ уриалж байна.

Эрх чөлөөний бат цайз мөнхөд гэрэлтэх болтугай.

Эв нэгдлийн ажлын хэсэг

Улаанбаатар хот
2023 оны 01-р сарын 18-ны өдөр

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш