logo
Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

2023/01/20

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулав.

Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар тус тус танилцуулсан.

Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагааг Монгол Улсад тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлж болохоор Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан байдаг боловч тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх шаардлагатай баримт бичиг, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, шалгуурыг тогтоосон хууль байгаагүй бөгөөд ийм журам батлахыг зөвшөөрсөн эрх олгосон заалт байхгүй тул одоогоор эрх зүйн ямар нэг зохицуулалтгүй байгаа аж. Иймд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрсөн хэдий ч нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгаа дээрх үйл ажиллагаануудыг зохицуулахаар Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд казино, бооцоот морин уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалааг нийтэд нь мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд хамааруулсан бөгөөд эдгээр 4 төрлийн үйл ажиллагаанд баримтлах нийтлэг нөхцөлийг зохицуулсан.

Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэгч нь мөрийтэй тоглоомыг шударга ил тод, хариуцлагатай явуулах, хонжворыг шударгаар тооцоолж, оролцогчид даруй олгох, нийгэмд үүсгэж болзошгүй сөрөг үр дагавраас сэргийлэх, олон нийтийг мөрийтэй тоглоомонд донтохоос хамгаалах зэрэг нийтлэг зарчмыг баримтлахаар зохицуулсан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Мөн бага насны хүүхдийг мөрийтэй тоглоомын хэрэгсэл болгох нь нийгмийн дэг журамд нийцэхгүй гэж үзэн 14 насанд хүрээгүй хүний оролцсон үйл явдал (уралдаан, тэмцээн)-д бооцоот таавар зохион байгуулах, 18 насанд хүрээгүй хүнийг тоглуулах, мөрийтэй тоглоомыг олон нийтэд сурталчлах, дээрх үйл ажиллагааг сургууль, цэцэрлэгийн орчинд явуулахыг нийтлэг байдлаар хориглосон байна. Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 10 жилийн хугацаагаар олгохоор, дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй бол анх олгосон хугацаагаар сунгахаар тусгасан. Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд нь 1 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй (үүнд зориулалтын дагуу тохижуулсан ажлын байртай байх) байхаар тусгажээ. Цахимаар бооцоот таавар зохион байгуулах бол мэдээлэл, технологийн дэд бүтэц нь тасралтгүй, найдвартай ажиллах, аюулгүй байдлыг хангасан байх, Монгол Улсад байршилтай сервертэй байх, мэргэшсэн хүний нөөцтэй байх зэрэг шаардлагуудыг тавьсан гэж байлаа.

Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг Сангийн сайдаас ирүүлсэн саналын дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд 10 жилийн хугацаагаар олгохоор тусгасан бөгөөд хонжворт сугалаа зохион байгуулагч нь 500 сая төгрөгөөс доошгүй хэмжээний өөрийн хөрөнгөтэй (үүнд өөрийн өмчийн ажлын байртай) байхаар, мөн дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй, зөрчил гаргаагүй бол анх олгосон хугацаагаар сунгахаар тусгасан байна. Түүнчлэн хонжворт сугалаа зохион байгуулагчид сугалааны тасалбарын борлуулалтын нийт орлогын 55-аас доошгүй хувийг сугалааны хонжворт олгох, сугалаанд оролцогчдоос төвлөрүүлсэн орлогын хөрөнгийн тодорхой хэсгийг хонжворт сугалаа зохион байгуулагч банкны тусгайлсан дансанд байршуулах зэрэг шаардлагуудыг тусгаж, хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заажээ.

Татварын хувьд бооцоот таавар, хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагаанаас олсон орлогод бооцоот таавар, хонжворт сугалааны нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 30 хувиар Онцгой албан татвар ногдуулахаар, хожсон тоглогчид хонжворын 20 хувьтай тэнцэх хэмжээний хувь хүний орлогын албан татвар ногдуулах юм байна. Эдгээр үйл ажиллагааг хууль, журмын зохицуулалтгүйгээр эрхлэх нь нийгмийн дэг журам, хүүхдийн эрх, оролцогчийн эрхийг зөрчих тул үйл ажиллагааг тодорхой нөхцөл, шаардлага, хяналтын дор, онцгой татвартайгаар эрхлэх нь зохистой гэж үзсэн гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ё.Баатарбилэн нар асуулт асууж, үг хэлсний дараа Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжсэн. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүсэн юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш